Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д нэг өдрийн дотор коронавирусийн халдварын нэг сая гаруй тохиолдол бүртгэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын шинэ тохиолдол нэг саяыг давсан нь цар тахлын түүхэнд дэлхийн аль ч улс оронд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ.

Ердөө дөрөвхөн өдрийн өмнө тус улсад 590,000 орчим халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.

Энэ нь өмнөх долоо хоногоосоо хоёр дахин өссөн үзүүлэлт байжээ. Коронавирусийн халдварлах чадвар өндөртэй Омикрон хувилбарын давлагаа АНУ-ыг бүрхсэн нь дээрх үзүүлэлтээс харагдаж байна.

2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр Энэтхэгт Дельта хувилбарын тархалтын улмаас 414,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан нь АНУ-аас бусад улс орнуудын хувьд цар тахлын хоёр жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Омикрон хувилбарын тархалтын улмаас АНУ-ын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өвчний хүндрэл, нас баралт өссөн тухай баримт одоохондоо байхгүй байна.

Гэхдээ халдвар авсан хүмүүс гэртээ тусгаарлагдах явдал нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхэд сөргөөр нөлөөлж, нислэгүүд цуцлагдаж, сургууль, үйлчилгээний байгууллагууд хаагдаж, бараа түгээлт тасалдахад хүрээд байгаа юм. Томоохон компаниуд оффист бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх хугацаагаа хойшлуулахад хүрээд байна.

Тиймээс шинэ оны өмнөхөн АНУ-ын эрх баригчид халдвар авсан хүмүүсийн өөрийгөө тусгаарлах хугацааг хоёр дахин бууруулах зөвлөмж гаргаж байв.

Омикрон хувилбарын хүндрэл, нас баралтад үзүүлэх нөлөө цаашдын тоо баримтуудаас тодорхой болох юм. Одоогоор уг хувилбар бусад хувилбаруудаасаа илүү түргэн халдварладаг нь тодорхой болоод байна.

АНУ нь коронавирусийн цар тахлын үеэр 827,749 иргэнээ алдсан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын эхэнд бичигдэж байгаа. Дараа нь 619,473 эндэгдэлтэй Бразил, 482,017 эндэгдэлтэй Энэтхэг, 305,096 эндэгдэлтэй Орос улсууд удаалж байна.

 

Эх сурвалж: AFP