Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төрөөс даахад "Эрдэнэт үйлдвэр"-ийн 15 жилийн ногдол ашгийг урьдчилан ашиглажээ

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Эрдэнэт үйлдвэр"-ээс хүртэх ногдол ашгийн хэмжээ 2019 оны түвшнээс огцом хэлбэлзэхгүй гэж үзвэл Монгол Улсын Засгийн газар нь 15 жилийн хугацаанд авах ногдол ашгаа урьдчилан авах замаар бизнес болон айл өрхийн эрчим хүч (цахилгаан, дулааны уур, дулааны эрчим хүч), цэвэр болон бохир ус, энгийн хог хаягдлын төлбөрийг төлж байна гэж үзжээ.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш ямар байхаас хамааран энэ тооцоолол өөрчлөгдөж болох ч төсвийн тогтвортой байдлын хувьд эрсдэл өндөртэй үйл ажиллагаа хэмээн Нээлттэй Нийгэм Форумаас Монгол Улсын уул уурхайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөр дамжилгүйгээр гаргаж буй зардал, тэдгээрийн процесс, хууль эрхзүйн орчинд хийсэн дүн шинжилгээгээр дүгнэсэн байна. 

Судалгааны гол үр дүнгүүдийг товчлон хүргэе.

Засгийн газар “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр”-ээр дамжуулан 2020-2021 онд урьдчилсан тооцоогоор хоёр их наяд төгрөгийг төсвийн гадуур зарцуулахаар байгаагийн 1.4 их наяд төгрөг нь 2020 оноос 2021 оны зургаадугаар сарын хооронд хийгджээ. 

Цар тахлын хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Засгийн газрын 2020 оны 211 тоот тогтоолоор нэр дурдсан байгууллагуудаас бусад бүх бизнес болон айл өрхийн эрчим хүч (цахилгаан, дулааны уур, дулааны эрчим хүч), ус (цэвэр, бохир), энгийн хог хаягдлын зардлыг төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн хүрээнд эрчим хүч хэрэглэсний болон усны үйлчилгээний төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжид 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт 508 гаруй тэрбум төгрөгийг төрөөс хариуцсан ба 2021 он дуусталх хугацаанд хүлээгдэж буй гүйцэтгэлийг нэмж тооцвол 2020-2021 онд нийт 1.1 их наяд төгрөг зарцуулна.

  •  2021 оны эхний хагас жилийн байдлаар эрчим хүчний төлбөрт 414 орчим тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлийг оруулан тооцвол нийт 908 орчим тэрбум төгрөг зарцуулна.
  •  Цэвэр болон бохир усны төлбөрт 2021 оны эхний хагас жилийн байдлаар 68 орчим тэрбум төгрөг зарцуулаад байгаа бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлийг оруулан тооцвол 152 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.
  • Энгийн хог хаягдлын төлбөрт 2021 оны эхний хагас жилийн байдлаар 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Хүлээгдэж буй гүйцэтгэлийг оруулан тооцвол нийт 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.

Дээрх мэдээллийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Шилэн дансны цахим мэдээлэлтэй тулгахын зэрэгцээ нягтлан бодогчоос нь утсаар тодруулахад “Төлбөрийг бөөнд нь урьдчилж шилжүүлдэг бөгөөд бодит гүйцэтгэлээр нь сар сард тооцоогоо нийлээд явдаг. Анхан шатны баримтууд бүгд Сангийн яам дээр үлдэнэ. Бид зөвхөн мэдэгдэл хүлээж авдаг. Уг нь өдийд зургаадугаар сарын тооцоогоо нийлчихсэн байх ёстой ч одоогийн байдлаар зөвхөн эхний таван сарын тооцоо нийлсэн. Энэ дүн нь 563.5 тэрбум төгрөг. Гэхдээ өнөөдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас Сангийн яамны Төрийн санд бодитой шилжүүлсэн дүн нь 649.9 тэрбум төгрөг байгаа” гэв.

Төсөвт учирч болзошгүй эрсдэл

Энэхүү шийдвэр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хамрах бөгөөд зардлыг нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас төрд төлөх ногдол ашгаас урьдчилан төлөх хэлбэрээр гаргуулж байна.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2019 оны цэвэр ашгаас төрд 2020 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ногдол ашиг нь 66.9 тэрбум төгрөг байв. Энэ дүн дараагийн жилүүдэд огцом өсөх юм уу буурахгүй, ойролцоо дүнтэй байна гэж үзвэл Монгол Улсын Засгийн газар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ойрын 15 жилийн хугацаанд ногдол ашиг авахгүй байх тооцоо гарлаа.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ хэсэг хугацаанд өндөр байх үед Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь энэхүү амлалт, санаачилгыг гаргасан. Иймд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн түвшин, хэлбэлзэлтэй холбоотойгоор улсын төсөвт аливаа эрсдэл, хүндрэл үүсэх эсэхийг Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсээс тодруулахад “Зэсийн дэлхийн зах зээлийн үнэ өндөр хэвээр байгаа нөхцөлд төсвийн алдагдалд аливаа хэлбэрээр сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн хариу өгсөн.

Сангийн яам 2021 оны төсөв боловсруулахдаа нэг тонн цэвэр зэсийн дундаж үнийг 9,670 ам.доллар байхаар төлөвлөжээ. Гэтэл үнэт металлын үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэлтэй байдаг тул одоогийн түвшнээр шууд дүгнэлт хийх боломжгүй. Харин жилийн турш хийсэн борлуулалтын жигнэсэн дундаж үнэ ямар байхаас улсын төсөвт эрсдэл учрах эсэх нь хамаарна гэж судлаачдын зүгээс үзэж байна.

Төрийн өмчит хуулийн этгээдийн ирээдүйд олох орлого, төрд ногдох ногдол ашгийг барьцаалан үнэт цаас гаргах, нэмэлт орлогыг нь дайчлах замаар төсвийн зарлагыг санхүүжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-д олгогдсон бүрэн эрхэд халдсан үйлдэл бөгөөд Төсвийн тухай хуулийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Судалгаанд кейсээр авч судалсан шийдвэрүүд нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх үр дагавартай тул Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төсөвт тодотгол хийх ёстой байв. Гэтэл батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн үйлчлэлийг хангуулахын оронд Төсвийн тухай хуультай зэрэгцүүлэн Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аас баталсан.

Энэ нь эрх зүйн хувьд хоёрдмол, зэрэгцсэн зохицуулалтуудыг бий болгон, улмаар төсвийн тодотгол хийхээс зайлсхийх боломжийг Засгийн газарт олгожээ.

Ийнхүү нэг харилцааг хоёр өөр хуулиар зохицуулах давхардал үүссэн учраас уг нөхцөл байдлыг эрх зүйн хэм хэмжээ үйлчлэх хүчин чадал талаас нь судаллаа. Судалгааны дүнгээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 25.7 дахь заалтаар төрийн санхүүгийн бодлого, чиглэлийг тодорхойлох, улсын төсөв батлах бүрэн эрхийг зөвхөн УИХ-д олгосон тул Засгийн газар төрийн өмчит хуулийн этгээдийн ирээдүйн орлого, төрд ногдох ашгийг барьцаалан үнэт цаас гаргах, нэмэлт орлогыг дайчлан төсвийн зарлагыг санхүүжүүлсэн нь буруу байна хэмээн дүгнэлт хийжээ.

Нээлттэй нийгэм форумаас хийсэн судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.