Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөлд оролцох бол материалаа бүрдүүлэхийг зөвлөлөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Соёлын яам

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ онд баталж Хүүхдийн төлөө фонд сантай болсон билээ.

Уг санд Хүүхдийн төлөө фонд ТББ, Соёлын яам хамтран 350 гаруй уран бүтээлч оролцсон хандивын тоглолтоос цуглуулсан 2.2 тэрбум төгрөг, автомашины  азын дугаарыг дуудлага худалдаагаар зарж олсон 3.4 тэрбум төгрөгийг ЗТХЯ-наас шилжүүлэн өгчээ.

Түүнээс гадна Хүүхдийн төлөө фонд тусгай санд иргэд нэгдсээр байгааг салбарын сайд дуулгаад, тэдэнд талархал дэвшүүллээ.

Сангийн мөнгийг хүүхдийн олон улсын тэмцээний шагнал, урамшуулал, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэмцээний бэлтгэл, явахад нь дэмжлэг үзүүлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт барихад зарцуулна хэмээн хуульд заажээ.

Энэхүү зарцуулалт нь журмаар зохицуулагдана. Журмаас танилцуулбал:

Дөрөв.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн санал хүлээн авах, сонгон шалгаруулах

4.1.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн саналыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-аас 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр ирүүлнэ.

4.2.Энэ журмын 4.1-д заасан хугацаанаас бусад үед төслийн санал хүлээн авахгүй.

4.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.4-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ.

4.4.Энэ журмын 4.1-д заасан төслийн санал нь дараах шаардлагыг хангасан байна:

4.4.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3.1, энэ журмын 3.1.1-д заасан зориулалтын дагуу байх;

4.4.2.санхүүжилтээр дэмжих төсөл бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг хамт ирүүлсэн байх;

4.4.3.хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх;

4.4.4.төсөл хэрэгжсэний дараа үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн тооцоо, судалгаа хийсэн байх;

4.4.5.байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байх;

4.4.6.үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт нийцсэн байх;

4.4.7.Сангийн сайдын баталсан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам"-д нийцсэн байх.

4.5.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг сонгон шалгаруулах талаар дараах арга хэмжээ авна:

4.5.1.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төслийн санал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулна;

4.5.2.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн төсөл, арга хэмжээний талаар холбогдох этгээдээс нэмэлт мэдээлэл авч болно;

4.5.3.шаардлагатай гэж үзвэл санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдээр Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийлгэж болно;

4.5.4.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 2.6-д заасан дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.1-д нийцүүлэн төслийг санхүүжүүлэх шийдвэр гаргана;

4.5.5.төсвийн жил дамжин хэрэгжихээс бусад төсөл, арга хэмжээтэй холбогдуулж гаргасан Ажлын хэсгийн дүгнэлт, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчинтэй байна.

4.6.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд нь гүйцэтгэсэн ажлын төсвийн зарцуулалт, хүрсэн үр дүн, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, гүйцэтгэлийн нэгдсэн тайланг гэрээнд заасан хугацаанд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын сонгон шалгаруулалтад оролцох бол материалаа эрт бүрдүүлэхийг ХНХЯ-наас зөвлөлөө.