Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын бүлэг хүний эрхийн нээлттэй сонсголыг хойшлуулж, чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг шаардав 

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Ганбат “МАН-ыг эрх барьж байх хугацаанд хүний эрх маш ихээр зөрчигдөж байна. Иргэдээс ирж байгаа санал дээр үндэслэж хүний эрхийн нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг бид гаргасан. Энэ хүсэлтийг маань өнөөдрийн байдлаар 37 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна.

Гэтэл энэхүү сонсголыг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд дээр зохион байгуулах санал гарч дэмжигдсэн.

АН-ын бүлэг үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь шинэ жилийн баярын уур амьсгал орчихсон үед энэ сонсгол нэр төдий зүйл болно. Тиймээс он гарсны дараа, байнгын хороон дээр бус чуулганы хуралдаан дээр зохион байгуулъя гэдэг санал гаргасан ч дэмжигдээгүй" гэлээ. 

“No double standart” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү “Хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх саналыг АН-ын бүлгээс дэмжин, нийт 37 гишүүний дэмжлэгийг авсан. Бид үүнээс ямар ч байсан тодорхой үр дүн гарна гэдэг горьдлого тээж байсан. Гэвч горьдлогыг маань УИХ-ын дарга Г.Занданшатар унтраачихлаа.

Нээлттэй сонсгол хийх асуудлыг хүлээн авсан хэр нь зөвхөн байнгын хороогоор, хугацааны хувьд арванхоёрдугаар сарын 30-нд зохион байгуулахаар болж байна. Он солигдохын өмнөх өдөр хүмүүс хамгийн завгүй байдаг. Тэр өдөр зурагтаар байнгын хорооны хуралдаан үзэх хүн байхгүй болов уу. Үүнээс харахад эрх баригчид хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан уу байгуулсан гэхдээ энэ нь ямар ч үр дүнд хүрэхгүй нь гэдэг байдал ажиглагдаж байна.

Тиймээс манай хөдөлгөөнөөс нээлттэй сонсголын хугацааг хойшлуулж, чуулганы хуралдаанд олон талын оролцоог хангасан байдлаар зохион байгуулахыг шаардаж байна. Хэрэв бидний шаардлагын хүлээн авахгүй бол “No double standart” хөдөлгөөний залуус энэ хэлэлцүүлэгт оролцохгүй. гэв.