Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүч Г.Батжаргал: Ипотекийн зээлийнхээ эргэн төлөлтийг хийх нь ашигтай

ikon.mn
2021 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах саналыг Засгийн газар гаргаад буй. Энэ талаар санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.

-Засгийн газраас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгдээд байна. Цар тахлын хуулийн хүрээнд УИХ-аар эцсийн шийдвэр гарах байх. Ингэж хойшлуулах нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

Зээлээ төлөх мөнгөөр хүмүүс хэрэглээгээ дэмжиж байгаа. Тиймээс энэ нь хил гааль хаалттай үед барааны худалдан авалт нэмэгдэж, инфляцыг хөөрөгдөх нөлөөтэй. Мөн койн гэх мэт эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх магадлалыг нэмэгдүүлж байгаа. Сард 500 мянгаас 1 сая төгрөг төлдөг хүн байлаа гэхэд тэр мөнгөө өөр зүйлд зарцуулаад байгаа гэсэн үг. Үүнээс гадна иргэдийн дунд зээлийн төлөлтийг хойшлуулаад байх юм байна гэдэг хандлага бий болгож байгаа нь сөрөг талтай.

-Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийж байгаа тал дээр тодруулж асууя. Одоогоор койнуудын ханш унасан хандлагатай байна?

Бүтэн жил төлөх байсан 12 сая төгрөгөөрөө койн аваад, койных нь ханш уналаа гэж бодъё. Уг нь тэр мөнгөөрөө зээлийн үндсэн төлбөрөө төлсөн бол дараа дараагийн үлдсэн жилүүдэд бага хүү төлөх тооцоо гарна. Тэгэхээр иргэд тэр боломжоо алдаж байна гэсэн үг.

-Та саяхан твиттерт “Өмнө банкны хадгаламжийн хүү өндөр байхад иргэдэд ашигтай байсан бол одоо хүү буурсан тул энэ хугацаанд боломжтой хүмүүс ипотекийн зээлээ төлөөд явсан нь дээр шүү” гэж жиргэжээ?

Хадгаламжийн хүү буурсан учраас зээлийнхээ үндсэн төлбөрөөс төлөх нь одоо ашигтай хувилбар. Үлдсэн 6 сарын хугацаанд зээлээ төлбөл ипотекийн зээл чинь өмнө нь дуусаж, бага хүү төлөх боломжтой гэсэн санааг илэрхийлж байгаа. Мөн иргэд зээлээ хойшлуулснаар орон сууцаа өмчлөх хугацаагаа хойшлуулж байна гэсэн үг.

-Иргэн талдаа тийм гэхэд санхүүгийн зах зээл, эх үүсвэрийн тогтвортой байдал талд ямар нөлөөтэй вэ?

Ипотекийн зээлийн эх үүсвэр нь хязгаартай. Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн эх үүсвэр бүрдэж байгаа. Зээлээ төлөхгүй бол эх үүсвэр тасалдах, ипотекийн зээлийн системд эрсдэл учрах магадлалтай гэдгийг бодох хэрэгтэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.