Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланка улс Иран улсаас авсан $251 саяын үнэтэй газрын тосны төлбөрт Цейлон цай нийлүүлэхээр болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Азийн Шри Ланка улс Ойрх Дорнодын Иран улсаас $251 саяын үнэ бүхий газрын тос авсан ч төлбөрийг нь одоо болтол шийдээгүй байжээ.

Тэгвэл Ираны эрх баригчид газрын тосныхоо төлбөрийг 100 хувь Цейлон цайгаар авахаар болсноо зарласан байна.

“Сүүлийн яриа хэлэлцээний үр дүнд бид Ираны авлагыг Шри Ланка улсаас нийлүүлэх Цейлон цайгаар төлж барагдуулах тохиролцоонд хүрлээ” гэж Ираны худалдааг дэмжих байгууллагын тэргүүн Алиреза Пейман-Пак мэдэгджээ.

Шри Ланка улс есөн жилийн өмнө Иранаас $251 саяын үнэ бүхий газрын тос авсан юм байна.

Гэвч Тегераны эрх баригчдын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийн улмаас Шри Ланкын засгийн газар төлбөрөө Ираны банкууд руу шилжүүлэх боломжгүй болжээ. 2016 онд Ираны зах зээлийн цайны хэрэглээний бараг тал хувийг Цейлон цай бүрдүүлж байв.

Цай нь хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог тул Ираны эсрэг НҮБ болон АНУ-aaс зарласан ямар ч эдийн засгийн хоригийг зөрчихгүй тухай Шри Ланкын таримал ургамлын салбарын сайд Рамеш Патхирана мэдээлжээ.

Шри Ланкын цайны аж ахуйн холбооны тэргүүний хэлснээр энэ үйл явдал нь тус улс анх удаа гадаад өрөө цайгаар “бартердсан” тохиолдол болж байгаа гэнэ.

Шри Ланка улс жил бүр 340 сая килограмм цай үйлдвэрлэдэг. 2020 онд тус улс 265.5 сая килограмм цай экспортолж, $1.24 тэрбумын орлого олсон нь түүхэн дээд амжилт болжээ.

 

Эх сурвалж: AFP