Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Цар тахлын үед сүрьеэгийн илрүүлэг, тохиолдлын тоо буурч, НАС БАРАЛТ ИХСЭЖ БАЙНА

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээг эрчимжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

"Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх ажил шинэ шатанд гарлаа"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор Б.Батбаяр “Өнөөдөр Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх ажил шинэ шатанд гарч байна. Учир нь манай улсад далд сүрьеэгийн эмчилгээ буюу сүрьеэгийн шинэ эмчилгээг анхлан нэвтрүүлж байгаа улс орнуудын тоонд орлоо.

ДЭМБ-аас зөвлөмж болгосон энэ эмчилгээ нь шинж тэмдэг өгөөгүй ч сүрьеэгийн халдвар авсан иргэдийг эрт илрүүлж эмчилгээнд түргэн хамруулахаараа онцлогтой.

COVID-19 дэгдэлт гарах хүртэл сүрьеэгийн өвчлөл, нас баралт халдварт өвчнүүдийн нэгдүгээрт жагсдаг байв. Шинж тэмдэг илрэхээс өмнө сүрьеэг эрт илрүүлэн далд сүрьеэгийн шинэ эмчилгээг нэвтрүүлснээр бид сүрьеэгийн тохиолдлыг 2-3 дахин бууруулах боломжтой юм” гэлээ.

"14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, цээжээр өвдөх, турах, шөнө хөлрөх шинж тэмдэг илэрвэл ӨЭМТ, Сүрьеэгийн диспансеруудад хандаарай"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас манай улсад сүрьеэгийн илрүүлэг оношилгоонд нөлөөлжээ. Тухайлбал, 2020 онд сүрьеэгийн 3,104 тохиолдол бүртгэгдсэн бол 2021 онд 1,981 болж буурсан байна. Илрүүлгийн хувь 2020 онд 29.9 хувь байсан бол 2021 онд 19.1 болж буурчээ.

Сүрьеэгийн тохиолдлын тоо, илрүүлэг буурч байхад нас баралтын тоо ихсэж байна. Энэ нь сүрьеэгийн эрт илрүүлэг, эмчилгээг сайжруулах ёстойг харуулж байна. Олон улсад ч энэ тоо баримт ижил хандлагатай байгаа.

Тохиолдлын тоо буурч байгаа нь өвчлөл буурснаас эсвэл идэвхтэй тандалт, хариу арга хэмжээ хязгаарлагдмал байгаагаас гэсэн хоёр шалтгаантай.

Илрүүлэг буурч байгаа нь COVID-19-өөс шалтгаалж хүн хүчний дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хязгаарлагдмал байдал үүссэнтэй холбоотой.

Иргэд 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, цэр гарах, цээжээр өвдөх, турах, шөнө хөлрөх, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд болон Сүрьеэгийн диспансеруудад хандах хэрэгтэй.

Ингэж чадвал бусад хүмүүсийг ч өвчлөл халдвараас сэргийлэх бүрэн боломжтой. Сүрьеэ нь эдгэрдэг өвчин тул эрт илрүүлгэд хамрагдахыг уриалж байна” гэлээ.