Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Японы тэрбумтан дэлхийн тойрог замд 12 хоноод амжилттай буцаж ирлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад 12 хоног ажиллаж, амьдарсан Японы тэрбумтан өчигдөр эх дэлхийдээ амжилттай буцаж иржээ.

Бэлэн хувцасны онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Юсакү Маезава, түүний туслах Ёозо Хирано, Оросын сансрын нисгэгч Александр Мисуркин нар орон нутгийн цагаар Даваа гарагийн өглөө Казахстаны талд шүхрээр газардсан байна.

Газардсаны дараа сансрын нисгэгчдийн эрүүл мэнд хэвийн байгааг Оросын тал мэдээлжээ.

Сансрын нисгэгчдийг тосож авах багийнхан Маезава, Хирано нарт японы уламжлалт гоймонтой шөл бэлдээд байгаа тухай ОХУ-ын батлан хамгаалах яам Ням гарагт мэдээлж байв.

ОХУ арваад жил завсарласан сансрын аялал жуулчлалын хөтөлбөрөө сэргээсний дараа хамгийн анхны үйлчлүүлэгчид нь япончууд болж байгаа юм.

Маезава тойрог зам дахь өдөр тутмын амьдралыг видео дүрсээр баримтжуулсныгаа өөрийн сая орчим дагагчтай YouTube сувгаар олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ.

Уг баримтат кинонд 46 настай тэрбумтан сансарт хэрхэн шүдээ угаадаг, угаалгын өрөөг хэрхэн ашигладаг талаар тайлбарласан юм байна.

Тухайлбал Маезава станцын жорлонг үзүүлэхдээ “Энд шээх их амархан” гэж ярьжээ.

Үүнээс гадна жингүйдлийн орчинд цайг хэрхэн зөв уух, хэрхэн унтаж амрах талаар өөрийн туршлагаасаа танилцуулсан байна.

Маезава 2023 онд SpaceX-ийн хөлгөөр сарыг тойрох аялалд найман хүн дагуулж явах захиалга өгөөд байгаа юм.

1990 онд сэтгүүлч Тоёохиро Акияма тойрог замын Мир станцад зочилж байжээ. Тэр үеэс хойш сансарт хувиараа ниссэн Япон улсын анхны иргэд Маезава, Хирано нар болж байна.

ОХУ-ын Роскосмос сансрын агентлаг 2001 онд анх аялал жуулчлалын хөтөлбөрөө эхлүүлснээс хойш нийт долоон хүнийг аялуулжээ. Тэдний нэг нь хоёр удаа ниссэн юм байна.

Хамгийн сүүлд 2009 онд Канадын Cirque du Soleil циркийн үүсгэн байгуулагчдын нэг Гай Лалиберт уг хөтөлбөрт хамрагдаж, сансарт ниссэн анхны алиалагч гэгдэж байв.

2011 онд АНУ-ын NASA үндэсний Space Shuttle хөтөлбөрөө зогсоож, сансрын нисгэгчдээ Оросын хөлгөөр тойрог замд хүргэдэг болсноор Роскосмос сансарт жуулчин нисгэхээ зогсоосон юм.

NASA сансрын нисгэгчийн нэг суудлыг $90 саяар худалдаж авдаг болсон тул жуулчинд үйлчлэх хэрэггүй болсон гэж үздэг. Харин өнгөрсөн оноос эхлэн NASA өөрийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэхдээ SpaceX-ийн хөлгийг ашигладаг болсноор Оросуудын монополи өндөрлөсөн юм.

Роскосмос сансрын жуулчдыг ямар төлбөртэй нисгэдэг талаараа мэдээлж байгаагүй. Зарим эх сурвалж уг төлбөрийг $50-$60 сая гэж мэдээлсэн байдаг.

 

Эх сурвалж: AFP