Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт “өшөө авагч” сармагчнууд 250 гаруй нохойг устгажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн нэгэн жижиг хотын бүх нохойг сармагчны сүрэг алж устгасан хэргийн талаар Newsweek сэтгүүл орон нутгийн эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Мумбай хотоос зүүн зүгт 500 км зайтай оршдог, 5,000 орчим оршин суугчтай Лавул хотод энэ хэрэг гарсан байна.

Өнгөрсөн сард сармагчнууд тааралдсан нохой бүрийг хөөж бариад өндөр мод, барилгын дээрээс унаган алж эхэлсэн гэнэ.

Хэсэг нохой нэг сармагчны моншийг барьсны дараа ийм үзэгдэл гарах болжээ.

Нэг сар орчим үргэлжилсэн “өшөө авалт”-ын дараа Лавун хотын бараг бүх нохой устсан байна. Хотын иргэд сармагчнуудын аллагыг зогсоохын тулд орон нутгийн байгаль хамгаалах газраас тусламж хүссэн ч дийлээгүй гэнэ. Харин ч сармагчнуудын үйлдэлд саад хийх гэсний улмаас хүмүүс хариу халдлагад өртөж байжээ.

Сармагчин, мичний зан авирыг судалдаг Буфаллогийн их сургуулийн дэд профессор Стефани Поиндекстер “Өшөө авах үзэгдэл сармагчнуудын дунд түгээмэл ажиглагддаг. Тэд ихэнхдээ жинхэнэ буруутныг биш, түүнтэй холбоотой гуравдагч этгээд рүү халдах замаар өшөөгөө авдаг нь судалгаанаас харагдсан” гэж тайлбарласан байна.

Өнгөрсөн есдүгээр сард Малайз улсад зэрлэг макака сармагчин нохойн гөлгийг модны орой дээр гурав хоног барьцаалсан хэрэг гарч байжээ. Сармагчин дөнгөж төрөөд удаагүй байсан гөлгийг хорлох бус, өсгөх гэж хулгайлсан байх гэж хүмүүс таамаглаж байв.

Гурав хоногийн дараа нутгийн иргэд модны дороос сармагчныг айлгаж, үргээсний үр дүнд гөлгийг газарт аюулгүй буулган чөлөөлж байжээ.

Макака сармагчны тоо толгой хэт өсөж, нутгийн иргэдийн эд зүйлсийг хулгайлах явдал нэмэгдсэн тул Малайзын тусгай хамгаалалттай газрын захиргаа жил бүр хэдэн мянган сармагчныг устгадаг болсон байна.

 

Эх сурвалж: Newsweek