Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч буйгаа Д.А.Медведев онцлов

ikon.mn
2021 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2019 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ярьж тохиролцсон зүйлс өнгөрсөн хугацаанд бодит ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Энэ удаагийн айлчлалаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

 
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа онцолж, уламжлалт болон шинэ төрлийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд харилцааны дараагийн зуунд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, төмөр зам, байгалийн хийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэж байгааг тэмдэглэж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

 
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба