Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

$10 саяын үнэ бүхий хулгайлагдсан түүхийн дурсгалуудыг АНУ-aaс Итали руу буцааж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нийтдээ $10 саяар үнэлэгдэх эртний Ром, Грекийн эд өлгийн 200 дурсгалыг Итали улсад шилжүүлж өгөх шийдвэрийг АНУ-ын шүүх гаргасныг өчигдөр хэрэгжүүлж эхэлжээ.

Эдгээр дурсгалуудыг 1980-аад оноос хойш Италийн музей, үзмэрийн газруудаас хулгайлсан юм байна.

Эртний үнэт дурсгалуудын тал нь Нью-Йоркийн Фордхэмийн Музейд, бусад нь хувийн цуглуулгад, дуудлага худалдааны төвүүдэд хадгалагдаж байсныг ирүүлэн хурааснаа Манхэттэн дүүргийн шүүх мэдээлжээ.

Тухайлбал 1984 онд Италийн өмнөд Кампаниа мужийн музейгээс хулгайлагдсан Ромын эзэн хаан Сеттимио Северогийн цагаан гантигаар урласан цээж баримлыг

2020 оны зургаадугаар сард Нью-Йорк хотын Christie’s дуудлага худалдааны төвөөр зарах гэж байсныг илрүүлсэн байна.

2016 онд Лос Анжелесийн боомтоор нэвтрүүлсэн эртний Ромын чулуун хөшөөг Америкийн реалити шоуны од Ким Кардашян худалдаж авсныг бас илрүүлжээ.

Кардашяныг худалдаж авах үедээ хулгайлагдсан эд зүйл гэдгийг мэдээгүй гэсэн шалтгаанаар шийтгээгүй байна.

Хулгайлагдсан эд зүйлсийн 140 нь өчигдөр Италийн соёлын өвийг хамгаалах тусгай тасгийн ахлагч, генерал Роберто Риккардигийн хамт Ром хотыг зорьжээ.

Үлдсэн 40 нь ирэх оны гуравдугаар сар хүртэл Итали улсын Нью-Йорк хот дахь консулын газарт нээгдэх музейд үзмэр болсны дараа эх орондоо буцах юм байна.

Итали улсын засгийн газар алдагдсан соёлын өвийг хамгаалах тусгай тасгийг 1969 онд байгуулж байжээ.

Өнгөрсөн хугацаанд тус тасаг гурван сая гаруй хулгайлагдсан соёлын өвийг Италид буцааж авчирсан байна. Тэд саяхан Пуглиа мужийн Таранто хотоос алдагдсан 2,000 гаруй эртний эд зүйлсийг Герман, Бельги, Нидерланд, Швейцараас цуглуулжээ.

 

Эх сурвалж: The Guardian