Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн ерөнхийлөгч монгол залуусыг тэтгэлгээр суралцуулах, коксжих нүүрс импортлоход хамтран ажиллахаа илэрхийллээ

ikon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрaмдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д энэ сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Р.Н.Ковинд-д уламжилж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдлээ.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Р.Н.Ковинд манай хоёр улс урт хугацааны түүхэн найрсаг харилцаатай явж ирснийг онцолж, Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад байгуулагдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Монголын оюутан залуусыг Энэтхэг Улсын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, Монгол Улсаас коксжих нүүрс импортлох зэрэг чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Д.Ганболд хоёр талын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллана гэв.

 

Эх сурвалж: ГХЯ