Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Талибанчууд “аугаа, том” Америкаас Афганистаны царцаасан хөрөнгийг чөлөөлөхийг хүсэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ оны наймдугаар сарын 15-нд Талибанчууд Афганистаныг бүрэн гартаа оруулсны дараа АНУ өөрийн банкнууд дахь тус улсын $10 тэрбумтай тэнцэх хөрөнгийг царцаасан юм.

Уг хөрөнгийг Талибан хөдөлгөөнийхөн цэрэг дайны зорилгоор ашиглахаас сэргийлж ийм арга хэмжээ авсан байна. Олон улсын тусламж дэмжлэггүй, дансандаа мөнгөгүй болсон Афганистан улс одоо эдийн засгийн гүн хямралд нэрвэгдээд байгаа.

Хандивлагч орнуудын санхүү, хүмүүнлэгийн тусламж дэмжлэггүйгээр Афганистан улс сүйрлийн ирмэгт ойрхон байгааг НҮБ өнгөрсөн аравдугаар сард анхааруулж байв.

Тэгвэл саяхан Талибаны засгийн газрын төлөөлөгч царцаасан хөрөнгийг нь чөлөөлөхийг АНУ-ын засаг захиргаанаас аминчлан хүссэн байна.

Ням гарагт Ассошэйтед Пресс агентлагт ярилцлага өгөхдөө Талибаны гадаад хэргийн сайд Амир Хан Муттаки “Аугаа, том Америк гүрэн Афганистанд хандах хандлагаа аажмаар зөөлрүүлж, хоёр улсын харилцаанд үүссэн хоосон зайг багасгахад анхаарал тавина гэдэгт найдаж байна” гэжээ.

Тэрбээр Талибаны дэглэм эмэгтэйчүүдийн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хамгаалах чиглэлд бага ч гэсэн ахиц дэвшил гарсныг энэ үеэр ярьсан байна.

“Бид ард түмэнтэйгээ болон дэлхийтэй харьцах тал дээр засаг захиргааны хувьд ч, улс төрийн хувьд ч ахиц дэвшил гаргаж байгаа. Өдрөөс өдөрт бид улам туршлага сууж, өмнөхөөсөө сайжирсаар байна” гэж Муттаки ярьжээ.

АНУ-ын засаг захиргаа 2001 онд Талибан хөдөлгөөнийг эдийн засгийн хоригтоо багтааж байсан нь одоо ч үргэлжилж байгаа. Харин Баасан гарагт тус улсын сангийн яам АНУ-аас санхүүгийн тусламжийг Талибаны засгийн газраар дамжуулалгүйгээр Афганистаны айл өрхүүдэд шууд хүргэх журмыг шинэчлэн баталсан нь боломж нээжээ.

 

Эх сурвалж: Business Insider