Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Төрийн өмчит уул уурхайн компаниудын худалдан авах ажиллагааны ил тод байдал

ikon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN

Монгол Улс ардчилсан чөлөөт эдийн засагтай орон. Олон намын тогтолцоотой, хувийн өмчид суурилсан зах зээлийн замналаар бид 30 жил явж ирлээ. Энэ хугацаанд бизнесийн салбар өргөжин тэлж, улсын төсвийн 82 хувийг бүрдүүлдэг болов. Үе үеийн Засгийн газрын жанжин шугам бол хувийн хэвшлийг дэмжсэн бодлого. Тэр хүрээнд төр өөрийн мэдлийн компаниудаа ч шат дараатай хувьчилсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэхэд ирэх онд төрийн өмчит  339 аж ахуйн нэгжийг үе шаттайгаар хувьчилна гэдгээ зарласан. Улс өмчөө сайндаа ч хувьчилдаггүй. Төрийн оролцоотой компаниуд дампуурдаг гашуун туршлага арвин. Тэнд шахааны бизнес, авлига албан тушаалын наймаа жинхэнэ утгаараа цэцэглэж байдаг. Тийм болохоор хувьд шилжүүлдэг. Гэтэл хувийн хэвшилд ч ялгаагүй ийм үзэгдэл газар авсан. Төрөөс зарласан аливаа тендер, концессын ажлуудын цаана том тоотой мөнгө ханцуйн дотроо зөрүүлдэг нь нууц биш. Бид чөлөөт эдийн засгийг сонгосны сайн тал нь хувийн өмчтэй болсон ч авлига гээч “хорт хавдар” өдрөөс өдөрт өсөж үржиж байгаа нь харамсалтай. Төр засгаас авлигын эсрэг олон арга хэмжээ авдаг боловч үр дүн нь хангалтгүй. Монголын хууль гурав хоног гэгчээр эхэндээ сүрхий мөрдөгдөж байгаад замхардаг.  Ихэнхдээ улс төрийн зорилгоор хуулиа ашиглах нь бий. Тэгвэл энэ Засгийн газар Авлигын эсрэг үндэсний хороо байгуулж, авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгахаар ярьж байгаа нь сайшаалтай.

Бид чөлөөт эдийн засгийг сонгосны сайн тал нь хувийн өмчтэй болсон ч авлига гээч “хорт хавдар” өдрөөс өдөрт өсөж үржиж байгаа нь харамсалтай.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай манай улсын төсөв дэлхийн зах зээлээс шууд хамааралтай явж ирсэн. Олон улсад газрын доорх баялаг өсөхийн хэрээр төсвийн орлого нэмэгддэг эерэг талтай. Тиймдээ ч энэ салбар дахь аж ахуйн нэгжүүдийн үүрэг роль өндрөөр үнэлэгддэг. Гэхдээ стратегийн томоохон ордуудыг төр эзэмшдэг болохоор тэнд улсын өмчит компаниуд давуу эрхтэй ноёрхсоор байгаа. Энэ утгаараа тэдний үйлдэл бүр  яалт ч үгүй нийгмийн анхаарлын  төвд байдаг. Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниудыг тойрсон дуулиан шуугиан багагүй  дэгдэх болов. Алдагдалтай, өр авлага нь олон жилийн турш хуримтлагдаж, санхүүгийн үзүүлэлт нь муу гардаг л гэнэ. Дээрээс нь авлига үүрлэж, өндөр дүнтэй үр ашиггүй худалдан авалт хийдэг гэхчлэн асуудлууд ар араасаа ундардаг аж. Бас болоогүй, танил тал, найз нөхөд, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн тендерийн шахаа хийдэг газраар уул уурхайн төрийн өмчит компаниуд тэргүүн эгнээнд нэрлэгдэх болсон. Нийгэм ч ийм итгэл үнэмшилтэй байна шүү дээ. Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл, төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, ил тод байдал, нийгмийн хариуцлагын талаар өргөн хүрээнд авч үзэх шаардлага үүссэний дохио юм.

Төрийн өмчит уул уурхайн компаниуд худалдан авалтын үйл ажиллагаа (ХАА)-гаа нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх үүрэгтэй. Шилэн дансны хуулиараа олон нийтэд тайлан мэдээллээ хүргэх ч ёстой. Гэвч зарим тохиолдолд энэхүү мэдээлэл бүрхэг байна. Тэд худалдан авах ажиллагааны дүрмээ мөрдөж байгаа эсэхэд нь олон нийт эргэлздэг болсон. Цаашлаад тендерт шалгарсан компаниудын эцсийн өмчлөгч хэн байгаа нь олон хардлагыг дагуулдаг. Уг нь эдгээр мэдээллээ ил тод болгочихвол асуудал аяндаа цэгцэрчихнэ. Том зургаараа авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх юм. Бас болоогүй, татварын мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын ёс зүйг бүрэн хяначихна. Ингэснээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг нь таслан зогсооно гэсэн үг.  Ер нь хөрөнгө оруулагчид, иргэдэд тухайн компанийн жинхэнэ эзнийг мэдсэнээр санхүүгийн шийдвэрээ зөв тооцоолж чадна. Энэ нь тэднийг аливаа эрсдэлээс хамгаалж байгаа хэлбэр юм.  Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын цэвэр орлого их байх тусам ард түмэнд хүртээх өгөөж нь илүү. Харин эсрэгээрээ хууль зөрчсөн худалдан авалтуудыг хийснээр иргэдэд ногдох ашиг хумслагдана гэсэн үг. Хэсэг бүлэг албан тушаалтны халаас л зузаарна.

Дээрх асуудлын хүрээнд судлаачдын  баг нь төрийн өмчит уул уурхайн компаниудын худалдан авах ажиллагааны бүртгэл мэдээллийг 2018, 2019, 2020 оны байдлаар шинжилсэн. Судалгааны товч үр дүнгээс харахад төрийн өмчит компаниудын худалдан авах үйл ажиллагааны тайлан бүртгэл, тайлагнах үйл явц, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байсан. Тэр дундаа уул уурхайн компаниудын хувьд үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж бараа худалдан авах байдал нь ажил, үйлчилгээнээс илүү байгаа нь шууд харагдаж байна. 

График 1: Төрийн өмчит уул уурхайн компаниудын 2018-2020 онд хийсэн худалдан авах ажиллагаа, (сая.төг)

График 2: Төрийн өмчит уул уурхайн компаниудын авсан бараа, ажил, үйлчилгээ, 2018-2020 он, (сая.төг)

Уг судалгаагаар төрийн өмчит уул уурхайн компаниудад хэний, ямар компани хамгийн том дүнтэй, олон тендер авч байгаа нь ил болсон байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хийгдсэн худалдан авах ажиллагааны мэдээлэлд үндэслэн хамгийн өндөр мөнгөн дүн бүхий худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр шалгарсан 12 компанийн хувьд эцсийн өмчлөгчдийг нь нэрлэсэн.  Ингэхдээ www.opendatalab.mn, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн өгөгдлийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санг ашигласан. Сонирхолтой нь тэдгээр 12 компанийн зарим нь төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компани байна. Гэхдээ хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчдийн мэдээлэл хараахан ил тод болоогүй байгаа нь үр дүнг баталгаажуулахад бэрхшээлтэй болгож байлаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар 2019 оноос эхлэн компаниудын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг бүртгэж эхэлсэн ч олон нийтэд ил тод болгоогүй зөвхөн хувь эзэмшигчдийн мэдээлэл нь нээлттэй харагддаг аж. Ийнхүү төрийн худалдан авалтад төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд оролцох тохиолдолд байдаг тул тендер шалгаруулалтын процессод олон нийтийн хяналт байх нь чухал юм. Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хамгийн гол арга нь тендерийн мэдээлэл, оролцож буй компаниудын эцсийн өмчлөгчийн мэдээлэл ил тод байх явдал юм.

График 3: Худалдан авах ажиллагаанд хамгийн өндөр мөнгөн дүнгээр оролцсон гүйцэтгэгч байгууллагууд, 2018-2020 он (сая.төг)

Төрийн өмчит уул уурхайн компаниуд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон тайлангийн мэдээллийг shilendans.gov.mn-д жил бүр тогтмол оруулж хэвших шаардлагатайг энэхүү судалгаа бэлхнээ хэлээд өглөө. Мөн худалдан авах ажиллагааны бүртгэл мэдээллийг иж бүрэн, ойлгомжтой байхад анхаарах ёстой. Мөнгөн дүн, авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, тендер шалгаруулалтын арга, шалгарсан байгууллага зэрэг мэдээллийг тодорхой оруулж олон нийтийн мэдэх эрхийг хангах ажиллах шаардлагатай байна. Судалгааны дүгнэлтэд “Худалдан авах ажиллагааны гэрээний мөнгөн дүн, тендер шалгаруулалтын журам зөрчсөн явдлууд нь бүртгэлийн явц дахь механик алдаа байж болох ч хардлага үүсэх гол шалтгаан болох талтай. ТӨК-ийн ханган нийлүүлэлтэд улс төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани оролцох тохиолдол багагүй. Энд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхийн тулд ил тод байдлыг хангах хэрэгтэй. Иргэд, хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулж, хяналт тавих шаардлагатай. Цаашдаа дата анализ, олон нийтийн хяналтыг сайжруулахын тулд эх сурвалжуудын талаар байнга мэдээлэх нь чухал. Мэдээллүүдийн хоорондын уялдаа холбоог ойлгуулах, нээлттэй мэдээллийн стандартыг хангасан хэлбэрээр машинаар унших боломжтой байдлаар нийтлэх, хариуцаж буй байгууллагууд нь хуульд заасан хугацаанд мэдээллийг бүрэн байршуулах, шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах ажлуудыг хийх хэрэгтэй. Ер нь төр авлигагүй нийгмийг бүтээе л гэж байгаа бол судалгаа, шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтдийг дэмжиж, үр дүнг олон нийтэд мэдээлж байх зохистой.