Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп өрсөлдөгчид нь түрүүлж баяр хүргэсэн Израилийн ерөнхий сайд асанд гомдож явдгаа илэрхийлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай хийсэн Израилийн сэтгүүлч Барак Равидын ярилцлагын зарим хэсэг өчигдөр Axios вэб сайт болон Израилийн өдөр тутмын Едиот Ахронот сонинд нийтлэгджээ.

Равид Америк-Израилийн харилцааны талаар бичиж буй шинэ номынхоо хүрээнд Трамптай энэ онд хоёр удаа уулзаж ярилцсан юм байна. Түүний шинэ ном маргааш буюу Ням гарагт худалдаанд гарах юм.

Ярилцлагынхаа үеэр Трамп сонгуулийн дараа өрсөлдөгч Жо Байденд хамгийн түрүүнд баяр хүргэсэн Израилийн ерөнхий сайд асан Бенжамин Нетаньяхуд гомдож, хорсож явдгаа илэрхийлжээ.

“Тэр хэтэрхий эрт баяр хүргэсэн. Дэлхийн ихэнх улсуудын удирдагчдаас түрүүлж баяр хүргэсэн. Тэр үеэс хойш би түүнтэй огт харилцаагүй. F**k him” гэж Трамп ярилцлагадаа өгүүлсэн байна.

1967 оны Сирийн дайны үеэр Израилийн эзэлж авсан Голаны өндөрлөгийн статусыг хүлээн зөвшөөрч, Йерусалем хотыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн зэрэг АНУ-ын уламжлалт гадаад бодлогыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрүүдийг гаргасны хариуд Нетаньяху ийм зан гаргасанд Трамп бухимдаж явдгаа тайлбарлажээ.

“Нетаньяхуд надаас илүү тусалсан хүн байхгүй. Израилд надаас илүү тусалсан хүн байхгүй. Гэтэл Байденд хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүн Нетаньяху байлаа. Баяр хүргээд зогсохгүй, видео мэндчилгээ илгээсэн. Бразил, Мексикийн удирдагчид, Путин гээд олон хүмүүс сонгуулийн үр дүнг албан ёсоор баталгаажихыг хүлээж, баяр хүргэхээ хойшлуулж  байсныг санаж байгаа байх. Бибид (Нетаньяу) надаас илүү тусалсан хүн байхгүй. Мөнгө, зэр зэвсэг бүгдийг өгсөн” гэж Трамп гомдоллосон байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр буюу сонгуулийн маргааш Бенжамин Нетаньяху АНУ-ын шинэ ерөнхийлөгчид баярын мэндчилгээгээ онлайнаар илгээж байв.

Тэрбээр Байдентай бараг 40 жил хувийн нөхөрсөг харилцаатай явснаа дурсаж, түүнийг Израилийн сайн найз нөхөр хэмээн өргөмжилж байжээ. Үүнээс гадна Нетаньяху АНУ-ын өмнөх ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн тусдаа мэдэгдэлдээ “Израил улсын төлөө хийсэн бүх зүйлийнх нь төлөө, Йерусалем, Голаныг хүлээн зөвшөөрсөн явдалд, Ираны эсрэг бат зогссоны төлөө, Израил-Америкийн харилцааг шинэ түвшинд гаргасанд баярлаж явдгаа” Дональд Трампд илэрхийлж байсан юм.

Хэдийгээр түрүүлж баярын мэндчилгээ илгээсэн ч Байдентай утсаар ярилгүй хоёр долоо хоног хүлээсэн Нетаньяхуг тухайн үед Израилийн зарим улс төрчид шүүмжилж байжээ.

 

Эх сурвалж: CNN