Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эрхийг зөрчсөн гурван хэрэгт шийтгэл оногдуулжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Увс аймгийн прокурорын газраас энэ онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх 18 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгуулжээ.

Үүнээс гурван хэрэгт хариуцлага тооцож, 15 хэргийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн  70 орчим хувь нь хүүхдийн дэргэд үйлдэгдсэн байна. Тодруулбал, иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үед дэргэд нь хүүхдүүд байсан болох нь шалгалтаар тогтоогджээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-д “...хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг бөгөөд дээрх зөрчил үйлдэгч нарт уг хуулийн заалтаар давхар шийтгэл оногдуулсан байна.

Тус аймгийн Улаангом суманд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил бусад сумтай харьцуулахад их гарсан байна. Иймд Увс аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад албан бичиг хүргүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажиллажээ хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.