Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тунгалаг: Авлигын талаар замын хөдөлгөөн, хотын соёлын тухай ярьж байгаа юм шиг зөөлөн ярих ёсгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд Авлигын эсрэг өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж Авлигатай тэмцэх газраас “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” зохион байгууллаа.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын төлөөлөл болон “Транспарэнси Интэрнэшнл” зэрэг олон улсын байгууллагууд оролцов. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар илгээлт ирүүлсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцсон юм.

Тус чуулганд оролцсон “Бүх нийтийн боловсролын төлөө” ТББ-ын Иргэний нийгмийн үндэсний зохицуулагч Д.Тунгалагтай боловсролын салбар дахь авлигын үзэгдлийн талаар ярилцлаа. Тэрбээр “Авлигаас ангид боловсролын салбар: Төсөв, ил тод байдал, иргэний нийгмийн оролцоо” сэдэвт илтгэл танилцуулсан юм.

- Манай боловсролын салбарт авлигын үзүүлэлт ямар түвшинд байдаг вэ. Энэ чиглэлээр хийсэн судалгаа байдаг уу?

- 2017 онд Авлигатай тэмцэх газраас санхүүжүүлээд боловсролын салбар дахь авлига, ашиг сонирхлын нөхцөл байдлыг судалсан байдаг. Судалгаанд оролцогчид буюу эцэг эхчүүд, боловсролын салбарынхан, уг салбартай хамтарч ажилладаг бизнес эрхлэгчдийн 70-80 хувь боловсролын салбарт авлига байгаа гэж хариулсан.

Боловсролын салбараас үйлчилгээ хүртдэг нэг сая гаруй хүний хүрээнд аваад үзэхээр авлига их өргөн хүрээтэй байгаа нь харагддаг.

Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, энэ салбар улсын төсвийн хуваарилалтаар Сангийн яамны дараа орох өндөр төсөвтэй. Өмнө нь улсын төсвийн таван төгрөг тутмын нэгийг боловсролын салбарт зарцуулна гэдэг байсан. Одоо харьцангуй багасаж байх шиг байна.

Энэ мөнгө боловсролын салбарт очоод авлигаас ангид зарцуулагддаг уу гэдэг асуулт тавигдана.

Хоёрдугаарт, эцэг эх, сурагч, багш болгон авлигад ямар нэг хэмжээгээр өртөөд байх нь ирээдүйд ямар хор хохиролтой вэ гэдэг талаас нь харвал асар их хохиролтой асуудал юм. Өөрөөр хэлбэл, авлигын соёлыг түгээж байгаа салбар болж хувирна.

Бид хүүхдийг цэцэрлэгт орохоос нь эхлээд дээд боловсрол эзэмших хүртэл нь шат шатандаа авлигын соёлд умбуулж, авлигын аргыг заасаар байх юм бол Монгол Улс авлигаас хэзээ ч салахгүй.  Тийм учраас Авлигын эсрэг чуулганд боловсролын салбар дахь авлигын асуудлыг онцгойлон авч үзэж байна.

- Тэгвэл боловсролын салбар дахь авлигыг хэрхэн багасгах вэ?

- Иргэний нийгмийн байгууллагууд судалгаа хийгээд үзэхэд төсөв ямар ч хяналтгүй зарцуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, тэнд дүрэм журам огт мөрдөгддөггүй. Жишээ нь, нэг хүүхдэд ногдох хувьсан зардлаар тооцож, санхүүжүүлнэ гэж хуульд заасан хэр нь үүнийгээ огт мөрддөггүй.

Боловсролын яам тэр их төсвийг батлуулж аваад аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ хийгээд шилжүүлдэг. Цааш нь хянаж чаддаггүй, мэдээлэл, тайлан авдаггүй. Үүнээс харахад хууль эрхзүйн орчин хангалттай байгаа юм шиг хэр нь хэрэгжилт дээрээ очоод уначхаад байна. Дээрээс нь хяналт шалгалт хангалтгүй. Мэргэжлийн хяналт санхүүгийн шалгалт хийдэг ч хариуцлага тооцдоггүй, харин ч авлига авч, нуун дарагдуулаад энэ асуудлыг ужгируулаад байдаг юм биш байгаа гэдэг хардлага төрөхөөр.

2019 онд Үндэсний аудитын газраас боловсролын салбарт маш том шалгалт хийсэн. Энэ салбар төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулагдаж байна уу, ингэснээр ямар үр дүн гарсан гэдгийг шалгасан. Гэвч тухайн шалгалтын дүнг аудитын байгууллага вэб сайтдаа байршуулсан ч иргэд орж сонирхдоггүй.

Тэгэхээр Брүүкингс институтийн зөвлөх Даниел Кауфманны хэлсэнчлэн засаглалын асуудал, засаг төрийн чадавхын асуудал хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны чадавх, хууль дээдлэх зарчимд хамаг асуудал байна. Авлигын суурь нь засаглал. Засаглалын асуудлаа шийдэхгүй бол авлигатай үр дүнтэй тэмцэж чадахгүй гэдэгтэй би 100 хувь санал нийлж байна.

Мэргэжлийн хяналт, аудитын байгууллагын хазах шүд нь байхгүй нөхцөлд авлига, төсвийн үрэлгэн байдал цэцэглэсээр байна. Энэ нь эргээд боловсролын хүртээмж, чанараас хулгай хийж байгаа юм. Ингэснээр чанартай боловсролын төлөө үнэ төлж эхэлнэ.

- Авлигаас ангид байх чиглэлээр иргэдийг соён гэгээрүүлнэ гэж ярихаас илүүтэй төрийн албаны анхан шатнаас эхлээд хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шаардах нь энэ чиглэлд хийх шинэчлэлийн эхний алхам гэж ойлголоо.

Иргэдийг соён гэгээрүүлэх ажлаа Авлигатай тэмцэх газар маш муу хийж байна. Авлигын талаар замын хөдөлгөөн, хотын соёлын тухай ярьж байгаа юм шиг зөөлөн ярих ёсгүй. Авлигатай хийх тэмцэл хатуу, ширүүн, байгаа оносон байх ёстой. Иргэд рүү зүгээр нэг зөөлөн мессэж шидчихээд авлигатай тэмцэж, соён гэгээрүүлж байна гэж ярьж болохгүй.

Дээрээс энэ ажлыг АТГ дангаараа хийж чадахгүй байна. Мэдээл түгээж, соён гэгээрүүлэх чадавх иргэний нийгмийн байгууллагуудад байна. Гэтэл яагаад иргэний нийгмийнхэнтэй хамтарч соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй байгаа юм бэ. Иргэдэд хүрэхгүй, цочроо өгөхгүй хэлбэрээр соён гэгээрүүлэх ажил хийгээд үр дүнд хүрэхгүй.