Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Рийм Алсалем: Олон нийтийн дунд хэлж яригдсаар буй гутамшгийг арилгахад чиглэгдсэн кампанит ажил хэрэгтэй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Тусгай илтгэгч Рийм Алсалем манай улсад айлчлан, Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, түүний шалтгаан үр дагаврын талаар судалжээ.

Тус судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан дүгнэлт, санал зөвлөмжөө өнөөдөр танилцууллаа.

НҮБ-ын Тусгай илтгэгч Рийм Алсалем "Жендэрт суурилсан хүчирхийллийг устгахын тулд бодлогуудаа илүү тодорхой болгох, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байдлаар санхүүгийн хувьд бие даах боломжийг нээх нь чухал байдаг. Учир нь хохирогчид хүчирхийлэгчээс санхүүгийн хувьд хараат байх нь элбэг. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хүчирхийллийг гэр бүлийн асуудал хэмээн үзэх нь хамгаас буруу. Мөн нийгмийн соён гэгээрүүлэх шаардлага бий. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт жендэрийн тэгш эрхийн талаар, жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу тухай оруулах нь үр дүнтэй" гэлээ.

Түүний хэлснээр хохирогчдод үзүүлэх нэн шаардлагатай бөгөөд сайжруулбал зохих хоёр төрлийн үйлчилгээ байгаа нь 

  1. Хууль, эрх зүйн туслалцаа
  2. Хамгаалах байр юм.

Тэрбээр "Хамгаалах байр бол хохирогчийг хүчирхийлэгчээс тусгаарлах хамгаалах ач холбогдолтой. Гэтэл зарим хүний хувьд хамгаалах байранд байх нь хоригдож байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж байв. Монгол Улсын хувьд хамгаалах байруудыг сайтар бэлдсэн, хохирогчдод төрийн тусламж үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангасан нь сайшаалтай байсан" хэмээлээ.

"Жендэрийн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд үлдээх нь зүйтэй"

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн "Монгол Улсад эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх эрх зүйн болон институцын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хийгдсэн бүхий л ахиц дэвшилд талархаж байгаагаа илэрхийлье. Харин одоо Засгийн газрын зүгээс хуулиудыг амьдралд бодитойгоор хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хууль эрх зүй, институцийн буюу зохион байгуулалтын болон бодлогын түвшинд хийх ажил их байна.

Эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой бодлогын хүрээ нь гол төлөв хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлд зориулагдсан мэт байгаа тул эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийн асуудалд өмнөхөөс илүүтэй ач холбогдол өгч, бодлогын ерөнхий хүрээнээс тусгаарлан авч үзэх шаардлагатай байна. Хэдийгээр ихэнхдээ огтлолцдог ч гэлээ, хүүхэд хамгааллын хэрэгцээг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой хэрэгцээ шаардлагаас ялгаж салгаж авч үзэх ёстой.

Жендэрийн мэдрэмжтэй хандлага нь хүүхэд хамгааллыг оруулаад оновчтой нэгдсэн бодлого боловсруулахад чухал үүрэгтэй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь охид байдаг бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд жендэрийн мэдрэмжтэй тогтолцоо зайлшгүй шаардлагатай.

Цаашилбал, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан тогтолцоог амьдралд хэрэгжүүлэх нь Монголын мянга мянган эмэгтэйчүүд, охидын амьдралд, Монголын нийгэмд бүхэлд нь бодит өөрчлөлтийг авчрах нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой. Жендэрийн эрх тэгш байдал, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн хүний эрхийн асуудал биш бөгөөд хөгжлийн, хөгжил цэцэглэлтийн асуудал юм.

Олон нийтэд сурталчлан таниулах, хүний эрхийн боловсролыг дэмжих, жендэрийн хэвшмэл ойлголттой тэмцэх ажлыг цаашид эрчимжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсад, энэхүү хор хөнөөлтэй хэвшмэл ойлголтыг шууд хөндсөн, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар олон нийтийн дунд хэлж яригдсаар буй гутамшгийг арилгахад чиглэгдсэн зоригтой бөгөөд өргөн цар хүрээтэй аян буюу кампанит ажил хэрэгтэй байна" гэв.

Мөн "Жендэрийн эсрэг үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг. Харин тус хороог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжүүлэх гэж байгаа талаар би сонссон. Миний бодлоор жендэрийн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд үлдээх нь зүйтэй" хэмээлээ.