Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Инстаграм компани өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авав

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Мета (хуучнаар Фэйсбүүк) компанийн эзэмшдэг Инстаграм үйлчилгээ өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг авснаа өчигдөр зарлажээ.

“Take A Break” нэртэй энэ функцийг ашигласнаар Инстаграм үйлчилгээний аппликэйшн өөрөө хэт удаан хэрэглэж байгааг нь өсвөр насныханд сануулж, түр завсарлахыг зөвлөх юм байна.

Шинэ функцийг өчигдрөөс эхлэн АНУ, Их Британи, Ирланд, Канад, Шинэ Зеланд, Австралийн зах зээлд нэвтрүүлсэн бол ирэх оны эхээр дэлхийн бусад бүх улсын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Фэйсбүүк компанид ажиллаж байсан Фрэнсис Хоген хэмээх эмэгтэй саяхан тус компани орлого олохын тулд нийгэмд хортой агуулгыг түгээх, дэмжих бодлого баримталдаг тухай баримт мэдээллийг задруулсан билээ.

Тухайлбал Инстаграм үйлчилгээ өсвөр насныхны, ялангуяа охидын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хоолны дуршлыг бууруулах, зарим тохиолдолд амиа хорлох сэдэл төрүүлдгийг харуулсан Фэйсбүүкийн дотоод судалгааны материалыг тэр ил болгосон юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ болон Европын орнуудын эрх баригчид Инстаграм үйлчилгээнд тавих хяналт зохицуулалтаа чангатгах талаар хэлэлцэж байна.

Инстаграм компани өчигдөр бас эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэглээг хөндлөнгөөс хянах зориулалттай шинэ функцийг ирэх оны эхээр нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлжээ.

Бас өөрийг нь дагаагүй хэн нэгнийг нийтлэлдээ холбох (tagging or mentioning) боломжийг өсвөр насны хэрэглэгчдийн хувьд хаахаар төлөвлөснөө зарласан байна.

 

Эх сурвалж: Associated Press