Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүс хүүхэд төрүүлэхээ багасгавал соёл иргэншил сүйрэх аюултайг Илон Маск анхааруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хүн амын хэт өсөлт манай гарагт аюул учруулж буй тухай олон хүн ярьдаг. Харин дэлхийн хамгийн баян хүн, Америкийн бизнесмэн Илон Маск энэ тал дээр эсрэг байр суурьтай байна.

“Манай соёл иргэншлийн хамгийн том эрсдэлүүдийн нэг нь хүн амын дунд хурдацтай буурч буй шинэ төрөлтийн хувь хэмжээ юм” гэж тэр Wall Street Journal сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг CEO Council арга хэмжээнд оролцохдоо хэлжээ.

“Маш олон хүн, их ухаантай хүмүүс хүртэл дэлхийн хүн амын хэт өсөлтөөс болгоомжилдог. Би үүний эсрэг байр суурьтай байна. Тоо баримтыг харцгаа. Хэрвээ хүмүүс хүүхэд төрүүлэхээ багасгавал манай соёл иргэншил сүйрэх аюултай. Миний үгийг тэмдэглэж аваарай” гэж зургаан хүүхдийн эцэг Маск нэмж хэлсэн байна.

Дэлхийн Банкны судалгаанаас үзвэл дэлхийн хүн амын дунд төрөлтийн хувь хэмжээ 1960 оны үеэс хойш тасралтгүй буурсан байдаг.

Өчигдөр бас Маск хүн хэт урт удаан амьдрах шаардлагагүй гэж бодож явдгаа ярьжээ.

“Хүний үзэл бодол амьдралынх нь турш өөрчлөгддөггүй. Тиймээс үхэх чухал шаардлага бий гэж би үздэг. Хэрвээ хүмүүс мөнх амьдардаг болчихвол ямар ч шинэ санааг хүлээж авдаггүй, хөшүүн хойрго нийгэм бий болно” гэж тэр хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Илон Маск твиттер хуудсандаа 70-аас дээш настнуудын улс төрийн албан тушаал хаших эрхийг хязгаарлах санаа гаргаж байв.

“Конгресс, Сенат, ерөнхийлөгчийн албанд насны доод хэмжээг тогтоосон байдаг. Үүнтэй ижил насны дээд хэмжээг ч бас зааж өгөх хэрэгтэй” гэж Маск бичиж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider