Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах уу? 

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 30 дугаар Их хурал үргэлжилж байна. Энэ үеэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлын талаар тус намын зарим гишүүнээс  байр суурийг нь сонирхлоо.

"УИХ-ын гишүүд нэгдээд санаачилга гаргаад явах юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх боломжтой"

МАН-ын Бага хурлын гишүүн Б.Тулга: Өнөөдрийн Монголчуудын амьдрал болон улс төрийн үйл явцыг харахад одоо мөрдөгдөж буй Үндсэн хууль гацаанд орж, хямрал руу чиглүүлж байгаа зүйл ажиглагддаг.

Хоёр нам нэгдэж үйл ажиллагаа явуулахаас өмнө буюу тусдаа үйл ажиллагаа явуулж байхдаа МАХН Үндсэн хуульд асуудал байна, эрх мэдлийн хуваарилалтын ойлгомжтой болгох шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлдэг байсан. Энэ үүднээс бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн боловсруулж байсан.

Энэ төсөлд орсон зарим эрхзүйн зохицуулалтыг Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөлгүйгээр оруулах боломж байгаа гэж хамт ажиллаж байгаа нөхдүүд маань үзэж байгаа.

Энд хамгийн гол нь парламентын засаглалыг улам бэхжүүлэх шаардлага байна.

Магадгүй УИХ-ын гишүүд нэгдээд санаачилга гаргаад явах юм бол Үндсэн хуульд нэмэлт тодотгол хийх боломжтой.

Үүнийг эцэслэн шийдэх нь парламентын бүрэн эрх. УИХ-ын гишүүд, бүлгүүдээс гадна намын удирдлагын түвшинд энэ асуудлыг шийдэх байх.

Хоёр нам нэгдэхээс өмнөх үе шиг шууд байр сууриа илэрхийлэх боломжгүй байна.

"Үндсэн хуулийн өөрчлөлтийг шууд хийхэд хэцүү"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хувь хүний байр сууринаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гээд харахаар байна. 2019 онд хийсэн өөрчлөлтөөр сонгодог парламентын тогтолцоог бий болгоход шаардагддаг хамгийн чухал гурван зүйлийг тусгаж чадаагүй.

Тэр нь юу гэхээр, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоо иргэдийнхээ төлөөллийг хангаж чадаж байна уу үгүй юу гэдэг асуудлууд. Бидний ярьдгаар давхар дээлийн асуудал ч үүний цаана байгаа.

Гэхдээ одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь явдалтай. Яагаад гэвэл бид 2008 онд батлагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэдэг хатуу хуультай. Нэг хөндсөн заалтыг найман жил хөндөхгүй байх заалттай.

Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг шууд хийхэд хэцүү.

Нөгөө талаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвшилцлөөр хийдэг. Нэг нам дангаар хийж болдоггүй. Парламентад болон парламентын гадна байгаа улс төрийн намууд зөвшилцөж, ойлголцож, нэгдэж байж хийдэг зүйл. Үндсэндээ гурван парламент дамнан ярьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2019 онд баталсан. Нийг нуугүй хэлэхэд тэр нөхцөл байдал өнөөдөр бүрдээгүй байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт хийнэ гэдэг цаг хугацааны хувьд эрт харагдаж байна.