Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост олон зуун айлын хяналтын камерын бичлэгийг хулгайлж, зарсан хэрэг гарчээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост нэгэн хакер олон зуун айл өрхийн хяналтын камерын бичлэгийг хулгайлж, интернэтийн хар зах дээр биткоиноор худалдсан хэрэг гарсан байна.

Солонгосын Интернэтийн Аюулгүй Байдлын Агентлаг уг хэргийг илрүүлсний дараа өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ.

Хүмүүсийн гэртээ хувцасгүй нүцгэн байгаа, бэлгийн ажил үйлдэж буй зэрэг дүрс бичлэгүүдийг зарахаар интернэтэд байрлуулсныг IT Chosun технологийн сайт анх олж мэдээлсэн байна. Худалдан авагч болж зүсээ хувилгасан сэтгүүлч уг хакертай холбоо барихад Өмнөд Солонгосын хотуудад байршилтай 700 орчим орон сууцны урт жагсаалт өгч, хүссэн айлынхаа хяналтын камераар 24 цагийн турш харах эрхийг 0.1 биткоиноор ($5,736) зарах санал тавьж байжээ.

Smart home нэртэй айл өрхийн дижитал удирдлага, хяналтын систем анх Өмнөд Солонгосын орон сууцнуудад нэвтрэхдээ домофоны үүрэг гүйцэтгэж байсан гэнэ. Сүүлдээ үүрэг функц нь өргөжиж, хяналтын камерын систем нэвтрэх болжээ.

Уг хэрэгтэй холбогдуулан тус улсын засгийн газар Smart home системийн аюулгүй ажиллагааг сайжруулах шуурхай арга хэмжээ авч эхэлсэн байна.

Тус улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамнаас гаргасан мэдэгдэлд засгийн газраас баталгаажсан хамгаалалтын системийг (firewall) авч ашиглах, программын аюулгүй байдлын шинэчлэлтийг (security update) тогтмол гүйцэтгэх, хэт энгийн нууц үг ашиглахгүй байх, ашиглаагүй үедээ камерын дуранг халхлах зэрэг зөвлөмжийг иргэдэд өгчээ.

Мөн барилгын компаниудад Smart home системийн холболтыг байр тус бүрээр нь салгаж, нэг халдлагаар олон айлын камерт нэвтрэх боломжийг хаах үүрэг өгсөн байна.

 

Эх сурвалж: Yonhap News, South China Morning Post