Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбадорж: Коронавирусээр өвдөөд хэвтэн эмчлүүлж буй хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг. Халдвар авсан хүний тоо болоод дархлаажуулалтын мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өглөө.

Тэрбээр "Вакцинжуулалтын мэдээг өдөр тутамд гарган, анализ хийж ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард дархлаажуулалт хамгийн өндөр хувьтай  байсан. Арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар нийслэлийн хүн амын зорилтот бүлгийн 31.1 хувь нь  нэмэлт  тунд  хамрагдаад байна.

Өнгөрсөн долоо хоногт 5,150 хүн вакцины нэмэлт тунд хамрагдсан. Нэмэлт тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 18-нд анх эхэлсэн бөгөөд иргэдийн идэвх сүүлийн өдрүүдэд сэргэж байна.

25 их, дээд сургуулийн 4,541 оюутан, 156 байгууллагын 156,184 хүн, гэрээр 21,066 хүнийг явуулын баг очиж дархлаажуулсан. Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж буй түр цэгүүдэд 18,214 иргэнийг  дархлаажуулаад байна.

Өнөөдрөөс эхлэн 75 их, дээд сургуульд  38 явуулын баг, 172 суурин цэг, 15 худалдааны төвд түр цэг, нийт дархлаажуулалтын 227 багт 982 эмч мэргэжилтнүүд ажиллана.

Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 715 бүртгэгдэж, эмнэлэгт 2,994 хүн хэвтэн эмчлүүлж байлаа. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна" гэв.

Түүнчлэн шинэ төрлийн вирус өнөөдрийн байдлаар гурван тивийн 7-8 улсад бүртгэгдсэн. Хамгийн сүүлд ОХУ-д Египетээс ирсэн хүнээс илэрсэн болохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга мэдээлээд, нэмэлт дархлаажуулалтыг эрчимтэйгээр хийж байгаагаа онцлон өгүүлсэн.