Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Перу улсын ерөнхийлөгчийн ордны угаалгын өрөөнд $20,000 нуусныг илрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Өмнөд Америкийн Перу улсын ерөнхийлөгчийн ордонд нэгжлэг хийсэн прокурорууд угаалгын өрөөнд нь нуусан $20,000-ыг илрүүлжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Бруно Пачеко уг мөнгийг өөрийнх гэдгээ хүлээн зөвшөөрөөд албан тушаалаасаа огцорсон байна. Гэхдээ тэр үүнийг ямар нэг хууль бус мөнгө биш, цалингаасаа хуримтлуулсан хадгаламж гэж мөрдөн байцаагчдад мэдүүлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Пачекогийн сарын цалин $6,250 орчим юм байна.

Гэхдээ Пачеко яагаад ийм хэмжээний мөнгийг угаалгын өрөөнд хадгалж байснаа тайлбарлаагүй гэнэ.

Пачеко албан тушаалаа ашиглан татвар, гаалийн албанд нөлөөлж, найзуудынхаа компаниудад таатай нөхцөл боломж олгуулахыг оролдсон гэх үндэслэлээр прокурорууд ерөнхийлөгчийн ордонд нэгжих ажиллагаа явуулжээ.

Тэрбээр огцрох болсноо ямар нэг хууль бус үйлдэлтэй холбоогүй, харин ерөнхийлөгч Кастиллогийн нэр хүндийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна. Пачеко бас өөрийн гэм буруугүйг нотлон харуулахаа амлажээ.

Өнгөрсөн Мягмар гарагт ерөнхийлөгч Кастилло тамгын газрын шинэ даргаа томилсон байна.

Зүүний үзэлтэй, багш мэргэжилтэй Кастилло өнгөрсөн долдугаар сарын сонгуулиар консерватив өрсөлдөгч Кэйко Фүхимориг цөөн саналын илүүгээр ялж, Перу улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Өнгөрсөн цөөхөн сарын хугацаанд ажилласан Кастиллогийн нэр хүнд олон нийтийн дунд сайнгүй байгаа. Сөрөг хүчнээс гадна түүнтэй мэргэжил нэгт багш нар хүртэл Кастиллогийн бодлогыг эсэргүүцэн тэмцэж эхэлжээ. Мягмар гарагт багш нарын холбоо нийслэл Лима хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах үеэрээ цалин хөлсөө нэмэгдүүлэхийн тулд боловсролын салбарын төсвийг 6 хувиар өсгөхийг шаардсан байна.

 

Эх сурвалж: BBC