Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд томилогдсоноосоо хойш хэдхэн цагийн дараа огцрох хүсэлт гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Швед улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон байна. Гэтэл парламентын томилгооноос хойш хэдхэн цагийн дараа тэрбээр огцрох шийдвэр гаргажээ.

Учир нь шинэ ерөнхий сайд Магдалена Андерссон парламентаар өөрийн боловсруулсан улсын төсвийг батлуулж чадаагүйгээс гадна түүний засгийн газрыг байгуулалцсан Ногоон Нам  эвслээс гарахаа зарласан нь огцроход нөлөөлсөн байна.

Эдийн засагч мэргэжилтэй, 54 настай Андерссон нь сүүлийн долоон жилийн хугацаанд Швед улсын сангийн сайдаар ажилласан юм.

“Үндсэн хуульд зааснаар эвслийг байгуулалцсан нэг нам гарахад засгийн газар нь огцрох ёстой байдаг. Би эрх зүйн чадамжгүй засгийн газрыг тэргүүлэхийг хүсэхгүй байна” гэж Социал Демократ намын гишүүн Андерссон сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Парламентад хангалттай санал авч, ерөнхий сайдын суудалд томилогдохын тулд тэрбээр эхлээд Зүүний Намтай тохиролцож, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг нь төсөвтөө тусгахаар болсон байна.

Гэтэл энэ тохиролцоог эсэргүүцсэн Төвийн Нам ерөнхий сайдын парламентад өргөн барьсан төсвийн эсрэг санал өгч, унагажээ.

Андерссоны төсвийн оронд парламент сөрөг хүчний консерватив намуудын боловсруулсан өөр хувилбар төсвийг хэлэлцэж, дэмжсэн байна. Энэ үед Андерссон сөрөг хүчний боловсруулсан төсвийн дагуу засгийн газраа удирдахад бэлэн байгаагаа илэрхийлж байжээ.

Гэтэл засгийн газрыг байгуулалцсан Ногоон Нам сөрөг хүчний төсвийг дэмжихгүйгээ илэрхийлээд эвслээс гарахаа зарласан байна.

Сөрөг хүчин төсөвтөө шатахууны татварыг бууруулахаар тусгасан нь Ногоон Намыг эвслээс гарахад голлон нөлөөлжээ. Парламентын спикер Андреас Норлен шинэ ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээн авч, намуудын дарга нартай уулзсаны дараа Пүрэв гарагт эцсийн шийдвэрийг зарлахаа мэдэгдсэн байна.

Норвеги, Дани, Финланд, Исланд зэрэг Шведээс бусад бүх умардын орнууд эмэгтэй хүнээр засгийн газраа удирдуулж байсан түүхтэй. Харин Шведийн хувьд ийнхүү анхны түүхэн боломжоо алдаж болзошгүй болоод байна.

 

Эх сурвалж: АFP