Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэмүүлэн: Генетик нөөцтэй холбоотой мэргэжлийн зөвлөл байгуулахаар хуульд тусгасан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэн бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Мэргэжлийн зөвлөлийн чиг үүргийг яаж тодорхойлох вэ? Ойлгомжгүй байдалтай томьёологдсон байна. Ямар нэг байдлаар зөвлөмж санал гаргах гэж тусгасан байна. Зөвлөлөө яаж тодорхойлж оруулж ирсэн бэ?" хэмээн асуулаа. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариулав.

Тэрбээр "Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэргэжлийн зөвлөл байгуулахаар хуульд тусгасан. Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулах юм. Энэхүү зөвлөлийг бие даасан хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зарчмын зөрүүтэй саналуудыг тусгаад байна. Төрийн бус болон шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд холбогдох салбарын эрдэмтэн судлаач нар зөвлөлд ажиллана.

Шийдвэр нь зөвлөмж, санал байдлаар байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, боловсронгуй болгох аргачлалыг бий болгох, генетик нөөц түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах зорилгоор эсвэл био хайгуул хийх, судлах хүсэлтийг хамгийн түрүүнд судалж, хянаж, дүгнэлт гаргах үүрэгтэй. Мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэж төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргана.

Бүрэлдэхүүний тоог зааж өгөөгүй. Хууль батлагдвал төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг гаргаж батлахаар төсөлд тусгасан" гэлээ.