Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Вакцин тариулах, өвчлөх, үхэх” гурван сонголт байгааг Германы засгийн газар иргэддээ анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Герман улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан

Өчигдөр Герман улсын эрүүл мэндийн сайд ард түмэндээ вакцинжуулалтын ач холбогдлыг хатуу үгээр тайлбарласан байна.

“Энэ өвлийн төгсгөлд бүх Герман хүн вакцин тариулах, өвчлөөд эмчлүүлэх, үхэх гурвын аль нэгийг сонгосон байх болно” гэж эрүүл мэндийн сайд Йенс Шпан өчигдөр Берлинд болсон хэвлэлийн хурлын үеэр анхааруулжээ.

Өнөөдрийн байдлаар тус улс цар тахлын дөрөв дэх давлагаатай тулгараад байгаа. Коронавирусийн халдварын тохиолдол хурдтай нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал хэтрээд байна. Германы хүн амын 68 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан нь баруун Европын орнууд дотор тийм ч сайн үзүүлэлт биш юм.

Сүүлийн 24 цагийн дотор 30,643 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь долоо хоногийн өмнөхөөс 7,000 гаруйгаар өссөн үзүүлэлт болжээ. Цар тахал эхэлсэн цагаас хойш Германд ийм олон тохиолдол нэг өдөрт бүртгэгдэж байгаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд ч өндөрт тооцогдож байна.

Германы засгийн газар вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн тодорхой газруудад зорчих эрхийг хязгаарлах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргаад байгаа. Мөн Германы алдартай Зул сарын баярын захуудын үйл ажиллагааг энэ жил хориглосон байна.

Йенс Шпан иргэдийг албадан вакцинжуулахын эсрэг байгаагаа илэрхийлээд бусад хүмүүсийн тусын тулд вакцин тариулах нь “ёс суртахууны үүрэг” болохыг сануулжээ.

“Эрх чөлөө нь нөгөө талаар хариуцлага. Вакцинжуулалтад хамрагдах нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм” гэж тэр хэлсэн байна.

Хэвлэлийн хурлынхаа үеэр Шпан АНУ-д үйлдвэрлэсэн Модерна вакциныг “вакцинуудын Роллс Ройс” хэмээн магтаж, уг вакцинаар тариулахыг иргэддээ уриалжээ. Учир нь Германд үйлдвэрлэсэн Pfizer/BioNTech вакцины эрэлт өндөр байгаагаас нөөц хомстож эхэлсэн байна.

Ойрын хэдэн сарын хугацаанд 16 сая тун Модерна вакцины хугацаа дуусах тул яаравчлахыг Шпан анхааруулсан юм.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Германд 5.4 сая гаруй хүн коронавирусийн халдвараар өвчилж, 99,000 гаруй нь нас барсан байна.

 

Эх сурвалж: BBC