Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүд тойрогт нь баригдах ₮32 тэрбумын "Богд Зонхова" цогцолборын талаар "Мэдээгүй" гэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын 2022 оны төсөвт 32 тэрбум төгрөгийн өртөг бүхий "Богд Зонхова" цогцолбор байгуулах талаар тусгасан нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан бөгөөд Соёлын сайд Ч.Номин уг төсөлд хөрөнгө зарцуулахгүй хэмээн мэдэгдсэнийг бид хүргэсэн. 

Тэгвэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тасганы овоонд барихаар 2022 оны төсвийн тухай хуульд тусгасан уг цогцолборын талаар тус тойргоос УИХ-д сонгогдсон Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нарын гишүүд мэдээгүй болохоо өөрсдийн твиттер хуудсаараа мэдэгджээ. Харин тус тойргоос сонгогдсон, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан байр суурь илэрхийлээгүй байна. 

 

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачлах, батлах. Ингэхдээ хувийн ашиг сонирхол биш нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ардчилал, шударга ёсны дагуу ажиллах учиртай. 

Үндсэн хуулийн 25.7 төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 37.6.Улсын Их Хурал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байх шаардлагыг хангуулна хэмээн тус тус заасан байдаг.

Монгол Улсын дараа оны төсвийн тухай хуулийг батлахдаа дөрвөн удаа УИХ-аар хэлэлцэж байж баталдаг.  Ингэхдээ үе шат тус бүрээр нь байнгын хороод хэлэлцэн, санал, шүүмжлэл тавьдаг. Эдгээр хэлэлцүүлгийн явцад зарлага нэмж, хасах дүнг алх цохин баталдаг хүмүүс бол байнгын хороодын дарга нар. Уг цогцолбортой холбоотой хөрөнгө оруулалтыг Төсвийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга нар болох Ч.Хүрэлбаатар, Г.Дамдинням нар мэдэхгүй өнгөрөөх боломжгүй. Гэтэл Соёлын яамны хөрөнгө оруулалтад тусгагдсан санхүүжилтийн талаар шүүмжлэл өрнөхөд хариуцсан байнгын хорооны дарга Г.Дамдинням ганц ч тайлбар хийсэнгүй. 

Харин цогцолбор баригдаж буй тойргоос сонгогдсон гишүүд "Мэдээгүй" хэмээн олон нийтийн сүлжээнд ийнхүү байр сууриа илэрхийлэв.

Ерөнхийдөө улсын төсвийг ямар хайнга, хариуцлагагүй баталдгийг "Богд Зонхова" цогцолборын төсөл харуулав. 32.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2023 онд дуусгахаар төлөвлөсөн уг цогцолборт ирэх онд 10 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг хэвлэл мэдээллийнхэн анхааралтай ажигласангүй гэж АН-ын бүлгийн дарга Д.Ганбат буруутгасан бол Соёлын сайд Ч.Номин өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ уг төслийг өөрийг нь сайд болохоос өмнө эхлүүлсэн байсныг дурдаад "Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, цаг үеэ олоогүй төсөл байсныг Соёлын сайд төсвийн төслөөс бус, олон нийтийн шүүмжлэлээс ойлгосон гэж харагдаж байна

Монгол Улс 2022 онд анх удаа 18 их наяд гаруй төгрөгийг зарцуулах гэж байгаа. Гэвч төсвийн алдагдал энэ жил 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өрийг 2.4 их наяд төгрөгөөр нэмж байгаа энэ удаагийн төсвийн төслийг УИХ-ын гишүүд сайжруулах оролдлого хийгээгүй төдийгүй бүрэн гүйцэд уншиж танилцаагүйг уг үйл явдал батлан харууллаа.