Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Чулуун: Японы “Хитачи” компани Монголд зориулж, нарны эрчим хүч ашиглан мах хадгалдаг чингэлүүр зохион бүтээсэн

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тогтвортой хөгжлийн зорилт бол хүн бүхэн, бүх нийтээрээ тэгш боломж эдэлж, аз жаргалтай амьдрах тухай асуудал. Үүний тулд нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлын аль нэгийг алдагдуулахгүйгээр хөгжүүлж, иргэддээ төдийгүй бусад улс оронд сөрөг нөлөө бий болгохгүйгээр аж төрөх тухай ойлголт юм.

МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун 10 жилийн өмнө Хүний хөгжлийн индекст байгаль орчны үзүүлэлтийг нэмж оруулах санаачилга гаргаж байсан нь "Nature" сэтгүүлд хэвлэгдэж байж. Харин ийнхүү эхлүүлсэн санаачилга нь ажил хэрэг болж, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт, байгальд үлдээх ул мөрийг нэмж тооцсоноор Тогтвортой хөгжлийн индексийг тооцох болжээ. 

Тэрбээр Тогтвортой хөгжлийн шинэ индексийн судалгааг Японы Хүмүүн ба байгаль судлалын хүрээлэнд 2020-2021 онд уригдан ажиллах хугацаандаа хийжээ. 

Монгол Улс Тогтвортой хөгжлөөрөө дэлхийн хаана яваа талаар доктор Т.Чулуунтай ярилцлаа. 



 

-Монгол Улсыг Тогтвортой хөгжлийн үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудтай харьцуулан судлахад яг хаана явна вэ? 

-Судалгааныхаа хүрээнд 2019 оны мэдээллүүдийг ашиглан 144 улсыг тогтвортой хөгжлөөр нь эрэмбэлсэн. Ингэхдээ улс орнуудыг 

  • тогтвортой хөгжлөөр манлайлж байгаа
  • дунд зэрэг яваа
  • сүүл мушгиж яваа 

Гэж ангилахад манай улс “Дунд зэрэг” гэсэн ангилалд багтсан. Гэхдээ дунд хэсгийнхээ  сүүл хавьцаа байгаа нь Монгол Улс тогтвортой хөгжлийн чиглэлээр их зүйл хийх шаардлагатай байгааг харуулж буй юм. 

Бид дэлхийд үзүүлж байгаа байгаль орчны дарамтаараа бага мөртлөө нийгэм, эдийн засгийн хөгжлөөр сул байна. Ерөнхийдөө тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд өндөр хөгжсөн орнууд байгаль орчинд үзүүлэх дарамтаа бууруулах шаардлагатай болж байгаа бол буурай орнууд нь нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхдээ дэлхийд үзүүлэх дарамтаа ихэсгэхгүй байх зорилгыг тавьж байна гэсэн үг. Монгол Улс яг уулзвар дээр нь байгаа.

Хөгжсөн орнуудын араас явбал дэлхийд үзүүлэх дарамтаа ихэсгээд явна. Тэгэхээр яаж илүү ногоон хөгжлийн замаар, ногоон ирээдүй рүү явах вэ гэдэг замнал чухал. 

Монгол Улсын хөгжлийн загварыг өнгөрсөн 30 жилд анализ хийж, ирэх 30 жилийн хөгжлийг харахаар “Баялгийн хараал”, “Хөрш орны хараат болох” гэсэн хоёр хүсмээргүй загвар байж болох бол “Азийн чоно” буюу эдийн засгаа хурдтай өсгөх гэсэн хүсүүштэй нэг загвар байж болохоор байна.

Тогтвортой хөгжлийн индекст анализ хийхэд Скандинавын орнуудын Нордик загвар тогтвортой хөгжлөөр хамгийн их манлайлж буй. Тэгэхээр Нордик загвараар хөгжлийн чигээ баримжаалж явбал урт хугацааны тогтвортой хөгжихөд чухал. Харамсалтай нь бид хүсмээргүй гэж тодотгоод байгаа дээрх хоёр загвар руугаа хазайгаад байх шиг. 

-Нордик загварын талаар илүү тодруулахгүй юу. Манайд яаж нутагшуулах боломж байна вэ?

-Нордик гэхээр Норвеги, Швед, Финланд зэрэг Скандинавын орнууд буюу нийгмийн баримжаатай хөгжлийг эрхэмлэсэн орнууд байгаа юм. Би амьдарч үзээгүй учраас 100 хувь мэдэхгүй ч ажиглалт, судалгаанаасаа харахад шууд аваад хэрэгжүүлэх боломжтой загварууд бий. Үүний тод жишээ нь Норвегийн баялгийн сан буюу баялгийг нийтэд тэгш хүртээх загвар. Мөн Шведийн Лагүүм буюу “Хэт их биш, хэт бага биш” гэдэг зарчим. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй буюу тэгш нийгэм байгуулах санаа. 

Тэдгээр орны нэг чухал зүйл нь нийгмийн баримжаатай хөгжлийг эрхэмлэсэн явдал. Хүний төлөө илүү чиглэсэн гэсэн үг. Тэгэхээр бидний цөөхөн монголчууд бүх хүүхдэдээ боловсрол олж авах тэгш боломж өгч чадахгүй байгаа нь харамсалтай биш гэж үү. Бүх нийтийн эрүүл мэндийн хүрэлцээтэй байх зарчмыг хэрэгжүүлэхгүй бол ийм цөөхөн хүн амтай улсын хувьд дэндүү харамсалтай. Тиймээс байгалийн нөөц ихтэй, цөөн хүн амтай манай орны хувьд эдгээр орноос суралцах боломжтой нь харагдаж байгаа юм. 

-Тогтвортой хөгжихийн тулд нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарыг хамтад нь авч явах ёстой. Монгол Улсын хувьд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц гурваа хөгжүүлэхэд Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хамтад нь хангаад явах боломжтой гэж та дүгнэсэн байсан. Энэ талаараа ярихгүй юу, ялангуяа дэд бүтцийн салбарт ямар санал гаргаж байгаа вэ?

-Эрүүл мэнд, боловсролын салбарын тухайд хүн бүр мэдэж байгаа. Дэд бүтцийн хувьд эрэмбэлбэл эрчим хүчний салбар хамгийн чухал. Орчин үеийн соёл иргэншил эрчим хүчний урсгал дээр тогтож байгаа шүү дээ. 

Уг нь Монгол Улс хөгжлийн бодлогоо эрэмбэлбэл адаглаад Багануурынхаа нүүрсийг Улаанбаатар руу зөөх биш, тэндээ цахилгаан станц барьж, Улаанбаатар хотын гэр хорооллыг цахилгаанаар халаах замаар агаарын бохирдлоо шийдэж болох байлаа. Шахмал түлш үйлдвэрлэх гэж мөн л Тавантолгойгоос нүүрс зөөж байна. Шийдэл нь мөн ялгаагүй, тэнд нь цахилгаан станцаа бариад эрчим хүчээ нийслэл рүү нийлүүлэх ёстой байв. 

Улаанбаатар хот дахь дэд бүтцийн асуудлын шийдэл нь хөдөө нутгаа хөгжүүлэх. Байгалийн сэргээгдэх бүх нөөцийг тухайн нутаг усныханд эзэмшүүлж, нутаг усандаа нийтээрээ аз жаргалтай хөгжих боломжийг нь гаргаж өгөх тухай юм. Тэр бол том зорилго. Би суурьшлын бодлого боловсруулах ажил хийж байсан хүн. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуулийн санал боловсруулах ажлыг Н.Багабанди Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд хийсэн багт ажиллан, 2005 онд хуулийг өргөн барьж байлаа. Тиймээс энэ нь надад их ойр сэдэв л дээ. Сүүлийн үед Дархан хотоо хөгжүүлэх том орон зай байна гэж харж байгаа. 

-2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг шинжлэх ухааны үүднээс шүүн тунгаах дэлхийн 50 эрдэмтний нэгээр ажилласны хувьд Монгол Улс ирэх 10 жилд хүлэмжийн хийгээ 27.2 хувь бууруулах боломжтой гэсэн Ерөнхийлөгчийн илтгэлийн талаар та ямар байр суурьтай байна вэ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хамгийн эхэнд манай улс юу хийх боломжтой вэ?

-Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийгээ 22.7 хувь бууруулах үүрэг амлалт авсан байсан. Хэрэв инновац, технологи нэвтрүүлбэл 27.2 хувь болгох боломж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлсэн. Шууд амлалт аваагүй буюу асуудлаа дэвшүүлсэн гэсэн үг. 

Энэ бол чухал санаа. Үр ашигтай, материал бага ашиглаж, хүлэмжийн хий бага бууруулдаг технологи нэвтрүүлэх чигийг барина гэсэн санаа. Дэлхийн улс орнууд хамтарч ажиллая гэж байгаа энэ үед дээрх санаа зорилгоо олон улсын эрмэлзэлтэй хослуулах замыг эн тэргүүнд барьж авах хэрэгтэй. 

2006 онд Мексикт олон улсын хуралд сууж байхад Киотогийн протоколын Цэвэр хөгжлийн механизмыг ашигласан маш олон төслийг Хятад улс хэрэгжүүлсэн байсан нь анхаарал татаж байв. Хүлэмжийн хий бага ялгаруулах олон технологийг бусад улсын дэмжлэгээр хэрэгжүүлсэн байсан юм. Харин бид сүүхээтэй ажиллах тал дээр хоцорсон хэвээр л байна

-Манай улсад энэ чиглэлээр төслүүд хэрэгжээд байдаг. Илүү их боломж байгаа гэдгийг та хэлэх гээд байна уу?

-Тийм ээ. Тухайлбал, нэг загварыг хэрэгжүүлж үзэхээр би судалгаа хийснийг дэмжиж, Японы “Хитачи” компани Монголд зориулж нарны эрчим хүч ашиглан мах хадгалдаг чингэлүүр зохион бүтээсэн. Хоёр ч чингэлүүрийг МУИС-ийн судалгааны цэг болох Өвөр Зайсанд туршсан. Туршилт амжилттай болж, сэргээгдэх эрчим хүчээр 100% ажиллах боломжтой гэж үзсэн. 

Үүнийг Монголын нэг аймагт нэвтрүүлбэл зүгээр байгаа юм. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл малчдыг зудын, эдийн засгийн эрсдэлээс хамгаална. Зудын аюул, эрсдэлийг сайтар  судалж тооцоолсноор тухайн аймгийнхан намар нь малаа нядалж, хөргөгчинд хадгалаад хавар борлуулах боломж бүрдэнэ.  

Энэ бол нэг л санаа. Дээр дурдсанчлан нэг голынхныг тогтвортой хөгжлийн загвар болгон цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Бэлчээрээ ч эзэмшинэ, гол усаа ч хамгаалж, ой модоо харж хандана, хоршоо болоод ажиллачихна. Тухайн нутгаас төрсөн бизнесмэн тэр бүсээ аялал жуулчлалын журмаар ашиглангаа хөгжилд нь хувь нэмрээ оруулж болно. Тэнд хөгжил бий болж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт сургах гэж сумын төв бараадан гэр бүл тусдаа амьдрах ч шаардлагагүй болно. Ингэж цогцоор нь харахгүй бол цааш хол явахгүй болоод байна. 

2030 он хүртэл тогтвортой хөгжих 17 зорилт

  1. Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох
  2. Өлсгөлөнг зогсоох
  3. Эрүүл мэндийг дэмжих
  4. Чанартай боловсролыг дэмжих
  5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
  6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах
  7. сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
  8. Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих
  9. Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх
  10. Тэгш бус байдлыг бууруулах
  11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
  12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих
  13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах
  14. Далай тэнгисийн нөөцийг хамгаалах
  15. Хуурай газрын экосистемийг хамгаалах
  16. Энхтайван, шударга ёсыг цогцлоох
  17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх