Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлбэ сургууль шинжлэх ухааны төсөлд суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

ikon.mn
2021 оны 11 сарын 10
Сурталчилгаа

Сэлбэ олон улсын сургууль болон Монголын сансрын технологийн холбоо ТББ хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монголын сансрын технологийн холбоо (МоСТХ) Сэлбэ сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад “Dream Projects”, “Internet of Things” нэртэй төсөлд суурилсан шинжлэх ухааны цогц сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

 
 
 

Тус төслийн удирдагч Д.Хос-Эрдэнэ “Dream Projects хөтөлбөрөөр сурагчид өөрсдөө төсөлт ажил буюу бүтээгдэхүүний загвар /Prototype/ санаачлан бүтээх бөгөөд түүнд шаардагдах үндсэн мэдлэг чадваруудыг 3D, Arduino, Creativity гэсэн гурван модуль хичээлээр эзэмшинэ. Модуль сургалтаар юмсын механик бүтэц, дизайны суурь ойлголт, зарчмыг ойлгуулахаас эхлээд орчин үед ихээр ашиглагдах болсон гурван хэмжээст загварчлал гаргаж 3D Printer ашиглаж сурах, электроник, программчлалын суурь мэдлэг, ажиллах зарчмыг суралцана. Мөн бүтээлчээр сэтгэж, бүтээмжтэй ажиллах, багаар ажиллах арга барилыг туршилт, багийн ажиллагааны олон улсын Teamwork & Teamplay сургалтын аргачлалаар эзэмшинэ” гэдгийг онцолсон юм.

 
 

Технологи сонирхогчдын хувьд орчин үеийн ухаалаг төхөөрөмж бүтээхэд туслах технологи нь Internet of Things (IoT) юм. Харин Raspberry Pi төхөөрөмжид Linux үйлдлийн системийг суулгаснаар, маш бага зардлаар зүйлсийн интернэтийг үүсгэх боломжтой. Энэ сургалтын үндсэн агуулгад ямар нэгэн мэдрэгч ашиглан мэдээлэл цуглуулах, түүнийг сүлжээгээр дамжуулах, төхөөрөмжийг интернэтээр хэрхэн удирдах зэрэг багтаж байгаа юм. Дээрх хичээлүүд нь төсөлт ажлаар хоорондоо уялдаатай явагдах бөгөөд сургалтын төгсгөлд төслүүдийн үр дүнг харуулах танилцуулга, тайлан хийгдэнэ.

 

Сэлбэ сургуулийн захирал Д.Батболд үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Сэлбэ сургууль хэрэглэгддэг мэдлэгийг чухалчилж, цаг үргэлж шинэ санаа, шинэ технологи, шинэ үнэ цэнийг бүтээж байх зорилготой. Суралцагчид маань ШИНЭ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛ-ээр жигүүрлэн ШИНЭ ТҮҮХ-ийг бүтээж, ШИНЭ БҮТЭЭЛ туурвиж байдаг шинийг бүтээгчид юм. Ахлах ангийн суралцагчид та бүхэн том түүхийн эхлэлийг тавьж байгаа анхдагчууд болж байна. Та бүхний зорилго том, хийх үйл ч их. Зорилго гэдэг бол хийсвэр мөрөөдөл биш, энэ бол бодит үр дүн. Зорилго гэдэг хоосон амлалт биш хариуцлага юм. Ноён оргилыг эзлэх аялал амаргүй. Гэхдээ та бүхэн чадна” гэсэн юм.

Талууд энэхүү хамтын ажиллагааг сургалтаас гадна Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт оруулж буй хувь нэмэр, урт хугацааны стратегийн түншлэл гэж үзэж байгаагаа цохон тэмдэглэж, цаашид энэ чиглэлээр олон төрлийн ажлыг хамтран зохион байгуулахаа онцоллоо.

Видео ярилцлага:

 
 

Сэлбэ сургуулийн тухай (www.selbe.edu.mn)

“Өөрийгөө таньж, ирээдүйгээ бүтээе” гэсэн уриатайгаар анх 2020 онд байгуулагдсан Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын Сэлбэ сургууль нь олон улсын Кэмбриж хөтөлбөртэй хос-хэлний ерөнхий боловсролын дунд сургууль юм. “Шинийг бүтээгчдийн” гэх тодотголтой Сэлбэ сургууль ерөнхий боловсролын үндсэн хөтөлбөрөөс гадуур олон төрлийн хөтөлбөр санаачилга хэрэгжүүлж, Монгол Улсын ирээдүй, хойч үеийн инженер, судлаач, шинжлэх ухааны эрдэмтдийг бэлтгэхээр зорьж байна.

МоСТХ-ын тухай (www.mosta.mn)

“Монголын сансрын технологийн холбоо” ТББ нь Монгол Улсын анхны хиймэл дагуул болох “Мазаалай”-г зохион бүтээж хөөргөсөн инженерүүдийн санаачилгаар 2017 оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, нутагшуулах, эзэмшүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй ажилладаг салбарын олон ахмад, дунд, залуу үеийн эрдэмтэн, судлаач, дэмжигчдийн нэгдэл юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.