Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хааны мэндэлсэн өдрөөр Чингисийн одон олгохгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Чингис хаан одон /Гэрэл зургийг mpa.mn/

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр тохиож буй.

Энэ өдрийг тохиолдуулан улс төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одонгоор шагнадаг уламжлалтай. 

Харин маргааш тохиож буй Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Чингис хаан одон гардуулах арга хэмжээ болохгүй юм байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазго хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа. Тиймээс энэхүү тэмдэглэлт өдрөөр Төрийн далбаа мандуулах, Төрийн туг цэнгүүлэх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол зэрэг уламжлалт арга хэмжээг төлөвлөсөн байна. 

Өмнөх жил буюу 2020 онд мөн энэ өдрөөр Чингис хаан одонгоор хүн шагнаагүй. Цар тахлын халдвар газар авч, улс даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор энэхүү өдрийг тэмдэглэхийг цуцалж байсан юм. 

Харин дараа нь буюу 2021 оны гуравдугаар сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой "Монгол цэргийн өдөр", Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад төрийн дээд шагнал Чингис хаан одон хүртээсэн билээ.