Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Сүр, бяр, бичлэгээр хүний үг хэлэх эрхийг хааж боох гэдэг болж

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
parliament.mn

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өчигдөр хуралдаж Жагсаал цуглаан зохион байгуулсан зарим иргэнийг цагдан хорьсон нь хүний эрхийн зөрчил болсон эсэхийг хэлэлцлээ. Энэ удаагийн парламентын хугацаанд тус хороо гурав дахь удаагаа хуралдсан нь энэ юм. Эхний удаад цар тахлын үед гадаадад байгаа монголчуудын эрх зөрчигдөж байгаа асуудлаар хуралдсан бол түүний дараа цэргийн албанд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг хөндсөн билээ.

Хуралдаанд дэд хорооны гишүүдээс гадна УИХ-ын зарим гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, хууль сахиулах байгууллагуудын төлөөллүүд оролцсон байна.

Улс төрийн нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, иргэнээс 2020 онд Улаанбаатар хотод 201 удаа, орон нутагт 36 удаа, үүн дотор гурван өлсгөлөн зохион байгуулжээ. Харин энэ онд нийслэлд 189 жагсаал цуглаан зохион байгуулсан бол орон нутагт 25, өлсгөлөн 9 удаа бүртгэгдсэн гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн юм. 

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа: ХЭҮК-оос хүний тайван жагсах, хуран чуулах эрх чөлөөгөө эдлэх баталгаа хэврэг, энэ орон зай цаашид улам хумигдах эрсдэлтэй гэж дүгнэсэн. Суурь шалтгаан нь төрийн бодлогыг шүүмжлэх, улс төрийн өнгө аястай жагсаж цуглахад айж цэрвэх, хачирхах, хардах төрийн албан хаагчийн хандлагатай холбоотой гэж үзэж байна. Зүй нь тайван жагсаал, цуглаан бол ардчилсан улсын хэвийн амьдралын нэг хэсэг байж, эсрэг тэсрэг байр суурийн уралдаан, шүүмжлэл нь төрийн эрх мэдлийг хянах, бодлого үйл ажиллагаагаа сайжруулахад чухал хувь нэмэр болох учиртай.

Мөн цар тахлын үед Засаг даргын захирамжаар бүх жагсаал цуглааныг нийтлэг байдлаар хязгаарлах журмыг хэрэгжүүлсэн нь хүний эрхийн зарчимтай нийцэхгүй байна. Мэдэгдэх, бүртгүүлэх гэж нэрлэсэн боловч үнэн хэрэгтэй зөвшөөрөл олгох механизм юм. Энэ хэвээр байвал цаашид иргэд болон цагдаагийн албан хаагчдын хооронд маргаан тэмцэл тасрахгүй, үзлээ бодлоо илэрхийлэх гэсэн иргэд эрүү, зөрчлийн хэрэгт холбогдох, хууль сахиулсан цагдаагийн жирийн алба хаагчид ажил, амьдралаараа хохирсоор байх болно.

Түүнчлэн цагдаагийн албан хаагчдад жагсаал цуглаанд хөндлөнгөөс хүч түрэмгийлэн оролцдоггүй байх ур чадварыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тиймээс ХЭҮК-оос Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль болон дагалдан хуулиудыг боловсронгуй болгох, цагдаагийн алба хаагчдыг сургаж, дадлагажуулахад бэлэн байна.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: No naadam хөдөлгөөнийг гаднын орны санхүүжилтээр зохион байгуулсан гэдэг мэдээлэл байна. Үүнийг шалгаж байгаа юу.

Мөн төрийн тусгай хамгаалалттай бүс болох Цагдан хорих төв рүү хүмүүс дайрч ороод иргэн Д.Монголхүүг аваад явсан гэдэг мэдээллийг өмнө нь өгсөн. Үнэхээр тусгай хамгаалалттай газар руу хүмүүс дайраад орсон хэрэг үү. Үүнийг тодруулж өгнө үү.

ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ: Иргэн Д.Монголхүүг Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээн авах үед буюу 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө болсон явдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ нь хоёр минутын л хугацаанд үргэлжилсэн асуудал юм. Иргэн Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорихоор 461 дүгээр ангийн нэвтрэх хэсэг буюу шалган нэвтрүүлэх байранд цагдаагийн алба хаагчид хүргэж ирсэн. Ингэхдээ Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цагийн хугацаатай баривчлах шийдвэр гарсан. Шийдвэрийг өөр мөрдөгч араас авчирч байгаа. Бидний араас олон иргэн дагаад байгаа учраас танай шалган нэвтрүүлэх хэсэгт ороод, цагдан хорих шийдвэрийг авчиртал байж байя гэдэг асуудал тавьсан. Тэднийг орж ирээд байж байтал иргэн Э.Одбаяр болон Д.Монголхүүгийн өмгөөлөгч, бусад иргэний хамт орж ирж тогтоолгүйгээр хүн хорьж байна гэдэг асуудал тавьсан. Яг энэ үеэр иргэн Э.Одбаяр Д.Монголхүүг хүчээр тэврээд шалган нэвтрүүлэх байрнаас авч гарсан. Ийм л асуудал болсон.

Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүй цагдан хорих тогтоолыг манай шалган нэвтрүүлэх байранд авч ирээгүй байсан учир бид түүнийг хорих ажиллагааг эхлүүлээгүй байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Жагсаж, цугласны төлөө иргэдийг барьж хорьсон гээд байгаа. Гэтэл холбогдох байгууллагуудын хэлж байгаагаар жагсаж, цугласанд нь хориогүй, өмнө нь шаардлага тавьсан, өөр асуудлаар цагдан хорьсон юм байна. Тэгвэл яагаад энэ дуу хоолой чинь сонсогдохгүй байгаа юм бэ. Иргэд жагсаал, цуглаан хийсний төлөө барьж хорьж байна гэж ойлгоод байгаа шүү дээ.

Манай одоогийн Ерөнхий сайд doudle standart-ийг эсэргүүцдэг хүн шүү дээ. Жагсаал, цуглааныг хүндэтгэдэг. Гэтэл энэ явдал УИХ, Засгийн газрыг гутаах хэмжээнд очоод байна. Зааг ялгааг нь сайн гаргаж ирэх хэрэгтэй байна. Яг жагсаал, цуглааных нь үеэр бариад байх шаардлага байна уу. Дараа нь бол л доо. Үндсэн хуулийн эрхээ эдлээд явж байхад нь шаардлага биелүүлэхгүй байна гээд баривчилж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Иргэд юунд бухимдаад байна вэ гэхээр double standart гэдэг юманд бухимдаад байгаа юм. Хууль адил үйлчлэхгүй байна. Дарга нар, эрх баригчид жагсахаар нэг өөр, жирийн иргэд жагсахаар өөр хандаад байна. Зарим дарга нар хэдэн арван нэг барьж цуглаан зохион байгуулж байхад жирийн иргэд хүүхдийн гутал өрөөд тэдэн хүүхэд нас барлаа гэж мэдэгдэх гэхээр гутлыг нь хураагаад авчихдаг. Төрийн албан хаагчид ингэж ялгаварлан гадуурхдагаа болиоч гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Манай улсад жагсаал цуглаан багадаагүй. Статистикаас харахад иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон жагсаж цуглах эрх хангалттай байгаа юм байна. Яг үнэндээ энэ олон жагсаал цуглааныг улс төрийн намууд, улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд зохион байгуулдаг. Улс төрчид ард нь сууж зохион байгуулаад нидэр дээрээ тэр жагсаалын туг нь болсон 2-3 иргэн, хууль сахиулсан цагдаагийн албан хаагч бурууддаг.

Төрийн байгууллагууд та бидний баталсан хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Түүнээс биш өнөөдөр хүний эрх зөрчигдөөд, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байна гэж ярих гэж байгаа бол санал нийлэхгүй. Харин ч Монгол Улсад юу л байна жагсаал цуглаан л байна. Энэ чинь иргэд эрхээ эдэлж байгаа хэрэг биш үү. Төр засгийнхаа бодлого шийдвэртэй санал нийлэхгүй шүүмжилж байгаа хэрэг юм биш үү.

Тийм болохоор хуулийн байгууллагуудаас асуухаас илүүтэй улс төрийн намууд, улс төрчид, улс төрд хамаарал бүхий этгээдүүд өөрсдөө хүний эрхийн хангах тал дээр хандлагаа өөрчилж, иргэд, хууль сахиулагчдыг битгий хохироогооч гэж хэлмээр байна. Төрийн байгууллага иргэн хоёрын хооронд асуудал үүсгээд байгаа нь улс төрчид.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Иргэн Э.Одбаярыг цагдан хорьсон үндэслэл нь юу вэ.   

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Иргэн О-г шүүхийн байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1.4-т заасан үндэслэлээр цагдан хорьсон. Энэ нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно гэж заасан байдаг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дарга нар талбай дээр гэр барьж жагсаж болдог, харин АН-ын хэрэлдсэн 13 амьтан тэнд гарахаар дэвсгэр олддоггүй. Үүнийг хоёр нүүр гэж байгаа юм. Монголын төр ингэж хоёр нүүр гаргаж болохгүй.

Сүр, бяр, бичлэгээр хүний үг хэлэх эрхийг хааж боох гэдэг болж. Эрх баригчид та нар доор байгаа албан тушаалтнууддаа бидний үгээр биш хуулийн дагуу хүний эрхийг нэгдүгээрт тавьж ажилла гэж хэлээч. Гэтэл цаадуулаа хашраагаад өг гэж явуулж байна. Хуулийн байгууллагуудад хандаж хэлэхэд хүний эрхийн мэдрэмжтэй баймаар байна. Ядарсан, үг хэлэх гэсэн иргэнийг битгий дарамтлаад бай л даа. Үгээ хэлэх гэсэн хүнийг машинд чихэж суулгаж байгаагаа их мундаг гэж бодож болохгүй.

Иргэд ч гэсэн цагдаа руу дайраад байх дэмий юм. Тэд чинь хууль биелүүлж байгаа. Харин хууль сахиулагчид хүний эрхийг биш даргын үгийг л биелүүлээд байна.