Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байнгын үйл ажиллагаатай болгох нь зүйтэй гэж үзжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
parliament.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авч, байр сууриа илэрхийлж байв. Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан талаар Ц.Сэргэлэн гишүүн дуулгасан.

Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан тус ажлын хэсэг хуралдаж, зарчмын байр сууриа илэрхийлэх нь зүйтэй хэмээн үзсэн гээд тэрбээр “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт энэ оноор дуусгавар болно.

Цар тахал буюу онцгой нөхцөл байдлын үед л Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байх ёстой атал энгийн үед ч цар тахлын үеийн бүтцээ хадгалах зорилгоор эл төслийг оруулж ирсэн гэж харж байна.

Ердийн нөхцөлд хил, хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тэднээс илүү эрх мэдэл бүхий бүтцийг бий болгох гэж байгааг анхаарах нь зүйтэй” гэлээ. Төслийн зохицуулалтаар цааш үргэлжилбэл хил, гаалийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрнэ гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлсэн.

Цар тахлын онцгой нөхцөлд нийцүүлэн Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд цаашид боомт дээр үүсэх асуудлуудыг шийдвэрлэх, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөрш оронтой гадаад харилцаагаа нэг сувгаар ярилцах бололцоог бүрдүүлэхээр дээрх бүтцийг байнгын болгохоор Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тайлбарлав.

Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа нь хил, гааль дээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин тэнд үйл ажиллагаа явуулж буй нийт байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, төсөл дэх Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны чиг үүрэгт нь боомтын хөгжил, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах, хэвийн үйл ажиллагааг хангах, боомт дахь өмчийн бүртгэл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хяналтыг хариуцах талаар нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналыг боловсруулаад байгаа гэв. Харин “онцгой эрх”-ээ тухайн боомт дээр онцгой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх заалт нэмэх байдлаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

 
parliament.mn

Чиг үүрэгт нь боомтын хөгжил, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах, хэвийн үйл ажиллагааг хангах, боомт дахь өмчийн бүртгэл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хяналтыг хариуцах асуудлыг нэмж тусгах тохиолдолд төслийг дэмжихээ Ц.Мөнх-Оргил гишүүн илэрхийлсэн. Мөн төслийн хэлэлцүүлэгт хилийн байгууллагын төлөөллийг оролцуулах шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт авсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Үргэлжлүүлэн төслийн 2, 3 дугаар зүйлтэй холбогдуулан хэлэлцүүлэг явуулсны дараа санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.