Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Тонга улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн бяцхан арал улс Тонгад өнгөрсөн Баасан гарагт коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.

Шинэ Зеландаас эх орондоо эргэж ирсэн нэг хүнээс халдвар илэрсэн байна. Уг хүн нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан нэгэн байжээ.

Тонга улсын ерөнхий сайд Похива Туйонетоа тус улсын гол арал болох Тонгатапуд ирэх долоо хоногт хөл хорио тогтоож болзошгүй байгааг мэдэгдсэн байна.

Саяхныг хүртэл Тонга улс нь коронавирусийн халдварын ганц ч тохиолдол илрээгүй дэлхийн сүүлчийн улсуудын нэгт тооцогдож байв.

Шинэ Зеландаас зүүн хойд зүгт оршдог Тонга улс нь 100,000 гаруй хүн амтай.

Сүүлийн байдлаар тус улсын хүн амын гуравны нэг орчим нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагджээ.

Баасан гарагт Шинэ Зеландын Кристчөрч хотоос ирсэн тусгай үүргийн нисэх онгоцоор нийт 215 хүн эх орондоо ирсэн юм байна. Тэдний дотор Токио 2020 олимпын наадамд оролцсоныхоо дараа Шинэ Зеландад гацсан Тонгагийн үндэсний шигшээ багийн тамирчид байжээ.

Номхон далайн арал улсуудаас одоо Тувалу улсад Covid-19 өвчний ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Үүнээс гадна Умард Солонгос, Туркменистан улсууд албан ёсоор ганц ч тохиолдол илрээгүйг ДЭМБ-д мэдэгдээд байгаа. Гэхдээ эдгээр улсуудад өвчлөл гарсанд мэргэжилтнүүд эргэлзэхгүй байгаа юм.

 

Эх сурвалж: BBC