Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Бага үнийн саналаар тендерт шалгаруулдгийг таслан зогсооё"

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2005 онд шинэчлэн найруулсан. Хууль батлагдсанаас хойш нийт 28 удаа их, бага хэмжээний нэмэлт, өөрчлөлтүүд орсон нь хуулийн зохицуулалтын нэгдмэл цогц байдлыг алдагдуулахад хүргэжээ. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. 

"Тендерийг он гараад зохион байгуулдгаас болоод хугацаа алдах, бүтээн байгуулалтын ажил он дамжих гэх мэт асуудал үүсдэг"

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэлэлцүүлгийн үеэр Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Одоогийн хүчин төгөлдөр хуулийн хүрээнд ойлгомжгүй, төвөгтэй олон асуудал үүсэж байгаа учраас шинэчлэн найруулах шаардлага гарсан. 

Манай яамнаас төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг боловсруулж байна. Та бүхэн түншлэлийг хэрхэн үр дүнтэй явуулж болох тал дээр мөн саналаа өгөөрэй. 

Энэ оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил өмнөх онуудаас нэлээд өндөр дүнтэй буюу 2.4 их наядаар тусгагдан хэлэлцэгдэж байна. Тендер шалгаруулалтыг он гараад зохион байгуулдгаас болоод хугацаа алдах, бүтээн байгуулалтын ажлууд он дамжих гэх мэт асуудал гардаг учраас төсөв захиран зарцуулагч бүх байгууллага төсөв батлагдсан даруйд ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа. 

Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад санал аваад ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байна" гэдгийг хэлэв.

Хэлэлцүүлэгт оролцож буй ААН-үүдийн төлөөллүүдийн санал:

  • Шинэчилсэн найруулгад төр хөрөнгө оруулалтаа хугацаанд нь хийгээгүй тохиолдол ямар хариуцлага тооцох асуудлыг заавал тусгах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдээгүйгээс үүдээд аж ахуйн нэгжүүд маш их хохирч байгаа. Санхүүжилт орж ирэхгүй, цалингаа тавьж ч чадахгүй байхад татварынхан татвараа төл гээд дарамтлаад байдаг.
     
  • Одоогийн хуулийн хүрээнд захиалагч 100 хувь эрх эдэлж, гүйцэтгэгч 100 хувийн үүрэг хүлээж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Талууд эрх, үүргээ тэнцүү хүлээж байх хэрэгтэй.
     
  • Тендерт оролцогчид гүйцэтгэлийн баталгааг заавал банканд байршуулдаг. Ямар ч хүүгүйгээр арилжааны банканд мөнгөө байршуулчхаад эргээд төслөө хэрэгжүүлэхээр банкнаас мөнгө зээлдэг утгагүй жишгийг арилгах хэрэгтэй байна. 
     
  • Бага үнийн саналаар тендерт шалгаруулдгийг таслан зогсооё. 
     
  • Өртэй ААН-ийг тендерт оролцуулахгүй гэсэн заалтыг өөрчлөх, уян хатан болгох шаардлагатай. Одоо өргүй байгууллага гэж байхгүй. Цар тахлын үед нөхцөл байдал хүнд байгаа учраас энэ заалт дээр уян хатан хандах саналтай байна.

Хуулийн төсөл боловсруулагчдын танилцуулгаас онцолбол:

 
 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажил үргэлжилж байгаа аж.