Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г. Чинзориг: CU хөрөнгө оруулагчиддаа урт хугацааны бизнес өсөлтийг амлаж чадна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

CU брэндийн мастер фрайнчайзийг эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн Гүйцэтгэх захирал: Г.Чинзориг

- CU брэнд хувьцаагаа олон нийтэд санал болгохоо зарлаад 10 хонож байна. Тэгвэл олон нийтийн компани болох энэ шийдвэр хэзээ гарсан бэ? Анхнаасаа л олон нийтийн компани болно гэсэн алсын хараа байсан уу?   

Манай компани олон нийтийн компани болох шийдвэрээ өнгөрөгч гуравдугаар сард гаргасан. Гэхдээ олон нийтийн компани болох эсэх нь цаг хугацааны л асуудал байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл манайх одоогоор 1200 гаруй ажилтан, 500 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй. Манай ажилтнуудын гэр бүл, бэлтгэн нийлүүлэгч компанийн ажилтан албан хаагчид тэдний гэр бүл гээд тооцвол магадгүй 10 мянга гаруй хүний хувь заяа энэ брэндтэй шууд болон шууд бусаар холбогдож байна. Нэмээд манайхаар өдөр бүр үйлчлүүлдэг 55 мянган хэрэглэгч байна. Ийм өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй нийгмийн дэд бүтэц олон нийтийн эзэмшилд байх ёстой гэсэн итгэл бидэнд анхнаасаа л байсан. 

“Өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог, жижиглэн худалдааны бизнес олон нийтэд хувьцаагаа санал болгосон тохиолдол бас цөөн байдаг”

- Гүйцэтгэх захирал хүний хувьд өнгөрсөн 10 хоногийн хугацаанд та ямар мэдрэмж авав? 

СU брэндийг Монголчууд мэддэг, үйлчилгээ нь таалагддаг юм байна гэдгийг хамгийн түрүүнд мэдэрлээ. Хүмүүс жижиглэн худалдааны салбарт нэг том хувьсал явагдаж байгаа юм байна, үүнийг эхлүүлэгч нь CU юм байна, тийм ч учраас энэ брэндийн урт хугацааны амжилт бодитой гэдгийг бүрэн дүүрэн мэдэрсэн.

Хоёрдугаарт, өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог, жижиглэн худалдааны бизнес олон нийтэд хувьцаагаа санал болгосон тохиолдол бас цөөн байдаг. Тийм учраас урт хугацаанд тогтвортой өгөөж өгөх хувьцаа манай хөрөнгийн зах зээл дээр ховор байдгийг анзаарсан. 

- СU брэнд хувьцааныхаа 50 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад үлдсэн 50 хувийг нь олон нийтэд санал болгож байгаа. Яагаад ингэж хязгаар тавьж хуваах болсон бэ? 

Бид хоёр зүйлийн тэнцвэрийг олохыг хүсэж байгаа. Нэгдүгээрт, өмнө нь хэлсэнчлэн маш олон оролцогч талуудын ашиг сонирхлыг багтаасан брэнд учраас аль болох олон хүнд хувьцаагаа санал болгохыг эрмэлзэж байна. Хоёрдугаарт, урт хугацаанд буюу 3, 5, 10 жил хамтдаа өсөж хөгжих хөрөнгө оруулагчид орж ирээсэй гэж хүсэж байна. Ийм ч учраас бид стратегийн хөрөнгө оруулагчдад нэг жилийн хугацаанд эзэмшиж буй хувьцаагаа зарахгүй гэсэн нөхцөлтэйгөөр оруулж ирж байгаа.

 

- Танай IPO Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй IPO болж байгаа. Тэгэхээр мөн хамгийн олон оролцогчтой IPO болох байх. Хэд орчим мянган хүн хувьцаа худалдан авах талаар тооцоо бий юу? 

Нарийн тоо байхгүй. Гэхдээ өөрийн тань хэлснээр хөрөнгийн бирж түүхэнд хамгийн олон оролцогчтой IPO болох нь тодорхой. Манай үндсэн андеррайтераар ажиллаж байгаа Голомт Капитал, туслах андеррайтер Апекс Капитал ҮЦК-иудад одоогоор 4,700 данс нээх хүсэлт ирээд байна. Мэдээж үүн дээр хувьцааны арилжаанд өмнө нь оролцож байсан хувьцааны данстай хүмүүс нэмэгдэнэ. Одоог хүртэлх Монголын хөрөнгийн биржийн хамгийн том IPO-д 5,000 орчим хүн л оролцож байсан.

“Бид жижиглэнгийн худалдаа болон нийтийн хоолны салбарт шинэчлэл хийх, шинэ түвшинд хүргэх ёстой гэж хардаг”

- Хөрөнгө оруулагчид компанийн ирээдүйд хөрөнгө оруулдаг. Өнөөдөр CU конвиниенс дэлгүүрийн зах зээлд үнэмлэхүй тэргүүлэгч. Гэвч өрсөлдөөн нь нэмэгдэж буй энэ зах зээл дэх тэргүүллээ урт хугацаанд хадгалж чадах эсэх нь хөрөнгө оруулагч нарт сонирхолтой санагдаж байгаа. 

Бид зах зээлийн өрсөлдөөнд гол анхаарлаа хандуулдаггүй. Би хэдэн тоо баримт дурдъя л даа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 6,000 орчин найман нэрийн дэлгүүр, 1,000 орчим нийтийн хоолны газар ажилладаг. Тэгвэл CU 140 салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ оны төгсгөл гэхэд 185 дэлгүүр, 2023 он гэхэд 360 дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй. Тэгэхээр 2023 он гэхэд нийт жижиглэн худалдаа болон нийтийн хоолны салбарын дөнгөж 5%-ыг эзэмшинэ гэсэн үг. Тэгэхээр эдгээр 7,000 үйлчилгээний цэгийг өрсөлдөгчөө гэж дүгнэж болохгүй. Эдгээр үйлчилгээний газруудын тодорхой хэсэг нь бизнесээ амжилттай удирдаж чадаж байгаа. Гэхдээ тэд мэдлэгээ бусадтайгаа хуваалцдаггүй, хуваалцах ч боломжгүй юм. Ийм ч учраас энэ салбарт хангалттай дэвшил гарахгүй байна. Бид жижиглэнгийн худалдаа болон нийтийн хоолны салбарт шинэчлэл хийх, шинэ түвшинд хүргэх ёстой гэж хардаг. Бид дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүсийн ажлыг илүү хялбаршуулах, илүү чанартай үйлчилгээ үйлчлүүлэгчид дээ хүргэдэг болоход нь туслах ёстой. Үүний тулд дэд бүтэц байгуулж, Солонгосоос нөү хау оруулж ирж, Монголын бизнес эрхлэгчидтэйгээ хуваалцаж байна.

Яг конвиниенс дэлгүүрийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа GS25, Circle K компаниуд ч энэ салбарын хувьсал өөрчлөлтөд бидэнтэй хамт оролцоод явж байгаа. Бидний өмнө байгаа хамгийн том зорилт нь энэ салбарыг бүхэлд нь өөрчилж, шинэ түвшинд хүргэх болохоос хэн нэгэнтэй дээр дороо орж өрсөлдөх биш. Энэ зах зээл нь ч өөрөө орших эс орших тухай өрсөлдөөн ярихуйц жижиг биш гэдгийг миний өмнө дурдсан тоонууд харуулж байна.

“Арилжаа нээгдсэн өдөр хувьцаагаа зараад гарна гэсэн төлөвлөгөөтэй хүмүүс бол бидний урт хугацаанд хамтран ажиллахыг хүсэж байгаа хөрөнгө оруулагчид биш”

- Танай хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа хэзээ эхлэх вэ? Хөрөнгө оруулагчдын хувьд хоёрдогч зах зээлийн арилжаанд хувьцааны үнэ савлахгүй байх нь их чухал байдаг. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ? 

Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 10 сарын 29-өөс 11 сарын 4 хооронд явагдаж дууссанаас хойш 7 хоногийн дараа буюу 11-р сарын 12-нд хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлнэ. Бид хоёрдогч зах зээлийн арилжааны үеэр хөрөнгө оруулагчдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор 3 тэрбум төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгээд байгаа. Нөгөө талдаа миний өмнө нь дурдсанчлан том хэмжээний буюу стратегийн хөрөнгө оруулагчид тал хувьд нь байна. Стратегийн хөрөнгө оруулагчдын хувьд бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллаж, тогтвортой өгөөж хүртэх хүлээлттэй байгаа. Цаашлаад манай хувьцааг худалдан авахаар сонирхож байгаа хүмүүсийг ч гэсэн ийм хүлээлттэй байгаасай гэж хүсэж байна. Мэдээж хэрэг хөрөнгийн зах зээлд олон төрлийн оролцогчтой, богино хугацааны үнийн өсөлтөөс ашиг олох сонирхолтой хүмүүс ч бий. Гэхдээ арилжаа нээгдсэн өдөр хувьцаагаа зараад гарна гэсэн төлөвлөгөөтэй хүмүүс бол бидний урт хугацаанд хамтран ажиллахыг хүсэж байгаа хөрөнгө оруулагчид биш. 

“Хөрөнгө оруулагч хүн тухайн бизнесийн үндсэн суурь нь юу вэ, ямар зорилготой юм бэ гэдгийг анхаарч хөрөнгө оруулдаг”

- Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн үед олон төрлийн койнууд ээлж дараалан гарч байна. Мөн банкнуудын IPO удахгүй хийгдэх хүлээлттэй байна. Тэгвэл ийм нөхцөл байдалд хөрөнгө оруулагч яагаад CU-г сонгох ёстой вэ гэдгийг тайлбарлаж өгөөч? 

Бидэнд хоёр онцлог бий. Нэгдүгээрт жижиглэн худалдааны бизнес нь эдийн засгийн мөчлөгөөс үл хамаардаг салбар. Эдийн засаг өсөж бас буурч байдаг мөчлөгтэй. Тэгвэл энэ салбар энэ мөчлөгөөс хамааралгүй тогтвортой байдаг. Хоёрдугаарт, энэ бизнес Улаанбаатар хотод байгаа 7000 гаруй цэгүүдэд шинэ стандарт нэвтрүүлэх, салбарын хэмжээний өөрчлөлт хийх зорилготой. Өөрөөр хэлбэл өсөлтийн өндөр потенциалтай. 

- Сэнтрэл Экспресс Си Ви Эс компанийн хувьцааны захиалга энэ долоо хоногийн баасан гарагт эхэлнэ. Тэгвэл танай хувьцааг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдад хандаж та юу гэж хэлэх вэ? 

Хөрөнгө оруулагч хүн тухайн бизнесийн үндсэн суурь нь юу вэ, ямар зорилготой юм бэ гэдгийг анхаарч хөрөнгө оруулдаг. Бид Монголын жижиглэн худалдааны салбарт цоо шинэ өөрчлөлтийг авч ирж байгаа. Энэ өөрчлөлт цаг хугацаа шаардана. Энэ хугацаанд бидэнтэй хамт байж чадвал энэхүү том өөрчлөлтийн үр дүнд бий болох үр өгөөжийг нь ч хүртэж чадах болно гэж хэлмээр байна.

Баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.