Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"12-16 насны хүүхдүүд автомашин хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа нь анхаарал татаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас сүүлийн үед үйлдэгдэж буй зарим гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 17,360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 64.1 хувь нийслэлд бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 10.9 хувиар, нийслэлд 9.9 хувиар буурсан үзүүлэлт аж.

"Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь хамаатан садан, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна"

"Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуульд заасан хүнийг алах гэмт хэрэг 84 бүртгэгдсэн бөгөөд хэргийн илрүүлэлт 100 хувьтай байгаа.

Бүртгэгдсэн гэмт хэргийн

  • 64.2 хувь нь ахуйн хүрээнд,
  • 25 хувь нь гудамж талбайд,
  • 70.2 хувь согтуугаар үйлдэгдсэн" гэдгийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээлэв.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний өдрийг хүртэлх хугацаанд л гэхэд хүнийг алах санаатай үйлдсэн таван гэмт хэрэг нийслэлд бүртгэгдсэн. Үүнд, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүд шуурхай ажиллаж, эзэн холбогдогчдыг тогтоосон байна.

Мөн хүчиндэх гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг танилцуулъя.

Он гарсаар эхний арван сарын байдлаар бага насны хүүхдийн эсрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-д заасан гэмт хэрэг 63 бүртгэгдсэнээс 35-д хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хэргийн илрүүлэлт 55 хувьтай байгаа бөгөөд үлдсэн 28 гэмт хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатандаа байгаа.

Нийт бүртгэгдсэн дээрх гэмт хэргийг үйлдэгчдийн судалгааг авч үзэхэд, 28-ийг нь хамаатан садан, хойд эцэг, ах дүүс болон гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байжээ" гэв.

"Сүүлийн үед Приус загварын автомашины яндан хулгайлах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэх боллоо"

Үргэлжлүүлэн "Дээрэмдэх гэмт хэрэг он гарсаар эхний арван сард 210 бүртгэгдсэнээс одоогоор 110-ыг нь илрүүлээд байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн 79 хувь нь шөнийг цагаар үйлдэгдэж байгаа бөгөөд хохирсон иргэдийн 58.4 хувь согтуурсан буюу мансуурсан үедээ гудамж талбайд ганцаар явж байхдаа гэмт халдлагад өртсөн байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 46 хувийг 18-23 насны залуус эзэлж байгаад цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж байна.

Түүнээс гадна, хулгайлах гэмт хэргийн тухайд, сүүлийн үед Приус загварын автомашины яндан хулгайлах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэх боллоо. Үүнд иргэн Ц, Д нарын найман бүлэг этгээдэд холбогдох 25 хэргийг дайчлан илрүүллээ.

Мөн Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн орон байрны эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлддэг О, С нарын зургаан этгээдэд холбогдох 64 хэргийн нөхөн илрүүлсэн.

Түүнчлэн Архангай, Завхан аймаг болон нийслэлийн төвийн дүүргүүдийн нутагт иргэдийн хараа хяналтгүй орхисон он хуучин тээврийн хэрэгслүүдийг 18 удаагийн үйлдлээр хулгайлсан насанд хүрээгүй хүүхэд буюу Ө,Н, Ц нарын 14 этгээдэд холбогдох хэргийг илрүүлээд байна.

Сүүлийн үед иргэдийн гудамж талбайд тавьсан автомашиныг хулгайлсан 77 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 71-ийг нь илрүүлсэн. Харин үлдсэн зургаан хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бөгөөд автомашиныг эрэн сурвалжилж байгаа.

Автомашин хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь 12-16 буюу өсвөр насны хүүхдүүд байгаа нь анхаарал татаж байна. Ийм хэрэгтэй холбоотой мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байна" хэмээсэн юм.