Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид гаднын зах зээлд хүрч чадахгүй байгаа учраас жуулчид Монгол руу ирэхгүй байгаа хэрэг"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын улмаас өнгөрсөн онд манай улс аялал жуулчлалын салбараас 1.6 их наяд төгрөгийн цэвэр алдагдал хүлээсэн. 

Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл асаж, вакцинжуулалтын нөлөөгөөр дэлхийн аялал жуулчлалын салбар урагшлах араандаа орсон тул цаашид тэг зогсолт хийсэн салбараа хэрхэн аврах вэ гэдэг нь чухал асуудал болсныг Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээний нээлтийн үеэр хэллээ. 

БОАЖЯ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Шинэ хэвийн байдал - Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгуулж буй уг цахим арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн салбарын төлөөллүүд оролцон цаашид авах арга хэмжээний шийдлийг олохоор хэлэлцэж буйгаараа онцлог болж байна. 

 
Зургийг МАЖХ хуудсаас авав

Арга хэмжээний эхний үндсэн илтгэлийг "Аялал жуулчлалын маркетингийн чиглэл, чиг хандлага, бүтээлч арга хэлбэрүүд” сэдвээр МҮХАҮТ-ын аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс онцлох санааг хүргэж байна.

  • Аялал жуулчлалын салбар нь сэргэж байгаа амжилттай явдаг улсууд дижитал маркетингийн оновчтой стратеги ашиглаж байна.  АНУ-д 2019 онд дижитал сурталчилгааны төсөв уламжлалт маркетингийн төсвөөс давсан. Бид үүнд анхаарахгүй бол хоцрох магадлалтай болсон. Эхний ээлжид бид өөрийн гэсэн албан ёсны олон нийтийн сувгуудтай болох хэрэгтэй.
  • Маркетингийн төсөвтэй болмоор байна. Монголын Улсын Аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгааны төсөв 0.4 сая ам.доллар байдаг. Энэ нь Монголын дундаж компанийн маркетингийн төсөвтэй тэнцдэг. Жишээлбэл, Говь ХК-ийн 2022 оны маркетингийн төсөв 20 сая ам.доллар байна. Иймээс улсын төсвийг дор хаяж гурван сая ам.доллар болгож нэмэгдүүлэх шаардлагатай. Аялал жуулчлал нь манай улсын экспортын хоёр дахь том салбар гэдэг атлаа ийм төсөвтэй байгаа нь эргэцүүлэх асуудал.
  • Сүүлийн арван жилийн хугацаанд манай улсад ирсэн жуулчдын тоо өсөөгүй. Бид нэг газраа зогсчхоод байна. Бид гаднын зах зээлд хүрч чадахгүй байгаа учраас хүмүүс Монгол руу ирэхгүй байгаа хэрэг.
  • Нэг цонхоор, үр дүнтэй маркетинг хийх хэрэгтэй. Одоог хүртэл манай улсад нэгдсэн олон нийтийн суваг байдаггүй. Бид сүүлийн 30 жил өөр өөрийн өнцгөөрөө улсаа сурталчилж ирсэн. Энэ нь том алдаа бөгөөд бидэнд нөөц бага байна.

Энэ үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал Д.Булган "Сурталчилгаа олон нийттэй харилцах бодлогод энэ бүхнийг тусгасан. Өнгөрсөн хугацаанд ГХЯ-наас хоёр том хөтөлбөрийг буюу "Дэлхийн Монголчууд", "Гадаад сурталчилгаа"-ны хөтөлбөрүүдийг 2016-2020 онд хэрэгжүүлсэн. Гадаад сурталчилгааны хөтөлбөрөө цаашид хоёр цогц арга хэмжээ болгож, 2021-2024 онд хэрэгжүүлнэ. Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулан зөвлөл байгуулна. Энэхүү цогц арга хэмжээнд нэг цонхоор сурталчлах асуудал тусаж байгаа" гэдгийг хэллээ.