Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Солонгоо: Ажлын хэсэгт "Рио Тинто"-оос ирүүлсэн санал үнэхээр Монгол Улсад ашигтай эсэхийг нухацтай судалж байж хариулт өгнө

Р.Оюун, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Оюутолгой" компанийн Засгийн газрын эзэмшиж буй хувьцаанд ногдох зээл болох 2.3 тэрбум ам.долларын 70% буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” саналыг "Рио Тинто" гаргаж, Засгийн газарт захидал илгээсэн талаар зарим хэвлэлээр мэдээлээд байна. 

Энэ талаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоос тодрууллаа.



 
Гэрэл зургийг MPA.mn

-"Рио Тинто" компаниас ээлжит захидал ирсэн, бүх талаар буулт хийсэн гэсэн агуулга бүхий мэдээлэл гараад байна. Засгийн газарт хэзээ захидал ирсэн бэ?

- Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын нэр дээр албан бичиг ирүүлснийг бид өнөөдөр хүлээн авч, танилцлаа. Албан бичгийн талаар хэвлэлээр их дэлгэрэнгүй мэдээлэл гарсныг гайхан хүлээн авч байна. Ажлын хэсгийн гишүүд албан бичгийн агуулгатай нухацтай танилцаж амжаагүй байна.

- Албан бичигт Монголын Засгийн газрын өрөөс 1.6 тэрбум ам.долларыг тэглэх тухай санал үнэхээр байсан уу. Энэ талаар Ажлын хэсэг ямар байр суурьтай байна вэ?

- Тийм санал байсан. Бид тодорхой саналыг нухацтай судална. Засгийн газрын Ажлын хэсэг санхүүгийн зөвлөх компаниудтай хамтарч ажиллаж байна. Бид ирүүлсэн санал нь үнэхээр Монгол Улсад ашигтай эсэхийг нухацтай судалж байж хариулт өгөх болно.

“Оюу толгой” ХХК өнөөдөр маш их өрийн дарамттай байна. Нийт 12 тэрбум ам.долларын өртэй байгаа нь энэ компанийн мөнгөн урсгал, орлого зээлийн хүүнд төлөгдөхөд зарцуулагдаж байгаа. "Туркойс Хилл Ресурс" компанид төлөх хувь нийлүүлэгчдийн зээл одоогийн байдлаар 8 тэрбум ам.доллар байгаа бөгөөд хүү нь жилийн 8% орчим байгаа нь энэ компанийн ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа. Бид ер нь "Оюутолгой" төслөөс ирэх үр өгөөжийг сайжруулахад асуудлыг цогцоор харах шаардлагатай байгаа.

- Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарч, гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсон нь чулуулгийн бүтэцтэй хамаагүй гэж үзсэн. Энэ талаар "Рио Тинто" байр сууриа илэрхийлсэн болов уу?

- Хэвлэлээр агуулга нь гарсан албан бичигт хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй байна.

Бид тодорхой шаардлагуудыг тусгасан албан бичгийг "Рио Тинто" компанид өмнө нь хүргүүлээд байсан. "Оюутолгой" төсөлд тулгамдаад буй асуудлуудыг ээлж дараатай шийдвэрлэх зорилгоор уулзалтуудыг тогтмол зохион байгуулж ирсэн. Харамсалтай нь "Рио Тинто" компанийн зүгээс Ажлын хэсгээс гаргаж тавьж буй асуудлуудад хариулт өгөхгүй байгаа. Тухайлбал, "Оюутолгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 30 орчим хувиар буюу 1.45 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгааныг судалж тогтоосон хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар "Рио Тинто" компаниас өнөөдрийг болтол тодорхой тайлбар ирүүлээгүй байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гараад бараг 3 сарын хугацаа өнгөрөх гэж байна. Гэтэл дэлхийн хэмжээний том компани энэ асуудлаар өнөөдрийг хүртэл тодорхой хариулт өгөхгүй байгаа нь ихээхэн эргэлзээ төрүүлж байна.

Ер нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт "Рио Тинто" компанийн бидэнд сүүлийн 4 жилийн турш өгч байсан тайлбараас яагаад эрс зөрүүтэй байгаа асуудлыг бид хөндсөн. "Оюутолгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар бодит мэдээллийг хөрөнгө оруулагчдад цаг тухайд нь өгч байсан эсэх асуудлаар "Рио Тинто" компанийн эсрэг АНУ, Их Британид хяналт шалгалт хийгдэж байгаа гэсэн мэдээллийг бид авч байна. Хэрэв "Рио Тинто" компани хөрөнгө оруулагчдаа төөрөгдүүлсэн нь нотлогдвол Монгол Улсын Засгийн газрыг ч төөрөгдүүлж, бодитой мэдээлэл өгөөгүй болж таарна. Бид энэ асуудлаар "Рио Тинто" компани тодорхой, бодитой тайлбар өгөх ёстой гэж үзэж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсноос болж Монгол Улсад энэ төслөөс ирэх ёстой байсан үр өгөөж их хэмжээгээр буурсан асуудлыг бид санхүүгийн зөвлөхүүдтэй хамтран судалж байна.

Мөн бид мөн “Оюу толгой” ХХК”-ийн менежментийг ил тод, хариуцлагатай болгох, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах гэх мэт тодорхой саналуудыг мөн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аар дамжуулан хүргүүлээд байсан. Харамсалтай нь "Рио Тинто" компани манай саналын агуулга, зорилгыг шал өөр болгож, тогтоолын төслийг өөрчилж саналыг хүлээн авахгүйд асуудал байгаа. Энэ асуудлыг манай ТУЗ-ийн гишүүд хөндөн тавьж байгаа. Ер нь “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл дээр энэ компанийн асуудлууд цаашид шийдэгддэг байх ёстой, менежментэд илүү сайн хяналт тавьж ажиллах шаардлагатай байгаа. 

- Цаашид манай Засгийн газрын зүгээс хэрхэн хэлэлцэх байр суурьтай байгаа вэ?

- Засгийн газрын Ажлын хэсэг “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Бид энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд юуны өмнө Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүйд тооцох, "Оюутолгой" төсөлтэй холбогдуулж байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын эрх ашгийг хангаж сайжруулах шаардлагатай. "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр удаа дараа нэмэгдсэнээс болж Монгол Улсад ирэх үр өгөөж анх төсөөлж байсантай харьцуулахад их хэмжээгээр буурсан. Тиймээс бид энэ асуудлаар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж байна.  Энэ төслөөс бид татварын орлого, ногдол ашиг хэлбэрээр үр өгөөж хүртэх том хүлээлттэй байсан. Харамсалтай нь 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш энэ хүлээлт шал өөр болсон нь бодит байдал. Тиймээс бид энэ асуудлыг нухацтай судалж байна.

“Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, ялангуяа гүний усны хэрэглээний талаар ч тодорхой ажлууд хийгдэх шаардлагатай. Мөн цаашид “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгддэг, энэ нь Монгол Улсад ирэх үр өгөөжид сөргөөр нөлөөлдөг асуудлыг дахиж гаргахгүй байхад анхаарч ажиллаж байна.