Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жишиг үнэ тогтоон АМНАТ ногдуулж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байгааг онцоллоо

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ, “Монгол нүүрс” ассоциац хамтран “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК, “Монголын Алт” ХХК, “Цагаан Өвөлжөө” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Саус гоби сэндс” ХХК, “Хүрэнтолгой коэл майнинг” ХХК, “Жавхлант орд” ХХК, “МОЭНКО” ХХК , “Хур эрдэнэ баялаг” ХХК зэрэг нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэв.

О.Амартүвшин: Гэрээний биш жишиг үнээр татвар тооцож байгаа нь хүндрэл учруулж байгааг олон аж ахуйн нэгж хэлсэн

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Сүүлийн хоёр жилийн хугацаанд АМНАТ, жишиг үнийн талаар ихээхэн ярилцах болсон билээ. Уурхайнуудын нөхцөл байдлын талаар санал солилцоход жишиг үнэ нь хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүрч байна. Гэрээний биш жишиг үнээр татвар тооцож байгаа нь хүндрэл учруулж байгааг олон аж ахуйн нэгж хэлсэн. 

Шинэ сэргэлтийн талаар ярьж буй энэ үед бид аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Эрэлт хэрэгцээ асар их өсөж байгаа ч цар тахлын улмаас нийлүүлэлтээ хангалттай хэмжээнд хийж чадахгүй, дотооддоо зардал их өссөн байхад Хятадын биржийн индексийн үнээр татвар тооцож байгаа нь ихээхэн зардлыг бий болгосон" гэсэн юм.

"2021 оны долдугаар сараас хойш гэрээний үнээр тооцуулах хүсэлт хүлээж авахаа больсон"

Жишиг үнэ ба АМНАТ-ын нөхцөл байдлын талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ажилтан н.Адъяа "Сангийн яам жишиг үнийг тооцохдоо sхcoal.com сайтыг эх сурвалжаа болгодог. Гэвч үүнд тээврийн зардлын нөлөөллийг тусгадаггүй бөгөөд холбогдох татвар хураамжийг бүрэн тооцож буй эсэх нь тодорхойгүй.

Түүнчлэн Цагаан хад - Ганцмод буюу богинын тээврийн үнийн нөлөөллийг жишиг үнэд оруулаагүй. Мөн үнийн хөөсрөлт их байгаа. Ганцмод боомтын үнийн өсөлтийн зөрүү нь бусдаасаа 50 орчим хувь илүү байхад үүнийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгаа юм. Сангийн яам 2021 оны долдугаар сараас хойш гэрээний үнээр тооцуулах хүсэлт хүлээж авахаа больсон. Борлуулсан бүтээгдэхүүнийг бүгдийг нь жишиг үнээр тооцон АМНАТ ногдуулж байна. 

Стандартыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Жишээлбэл манай компанийн эрчим хүчний зориулалтын нүүрсийг ямар нэг ангилалд оруулдаггүй. Гэтэл коксжих чанаргүй нүүрс гэх ангилалд оруулан тооцдог нь учир дутагдалтай байгаа тул стандартын ангиллыг шинэчлэх нь зүйтэй" гэлээ. 

Мөн хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч талууд хамтран Сангийн яаманд шаардлага хүргүүллээ. Шаардлагад:

  • Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт заасан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэсний “6 дахь хэсгийг” гэснийг хүчингүй болгох,
  • Монгол Улсын Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 196/А-266 хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг бодитой шийдвэр гаргах тал дээр анхаарч ажиллахыг шаардах,
  • Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг үндэслэн 2021 оны 3, 4 дүгээр улирлын борлуулалтын гэрээний дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож гаргах зэрэг асуудлыг тусгажээ.