Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Койн манай санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрч Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин койны талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа. 

Тэрбээр: Сүүлийн үед койн нэлээд эрчээ авч байна. Иргэд ч энэ рүү шуурч байгаа. Энэ нь ирээдүйд манай санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлөх вэ. Энэ дээр Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанк ямар арга хэмжээ авч байгаа вэ. Хоёр байгууллага байр сууриа илэрхийлнэ үү.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Криптовалют зөвхөн Монголынх ч биш олон улсын зах зээл дээр зохицуулагч байгууллагуудын хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна. Манай улсыг Саарал жагсаалтаас гаргасан ч гэсэн мөнгө угаалт, терроризмтой тэмцэх чиглэлээр тодорхой даалгавар өгсөн. Тодруулбал, шинэ технологи үйлчилгээн дээр гарч байгаа виртуал хөрөнгийг хэрхэн зохицуулах вэ, тодорхой хяналт тавь гэдэг шаардлага тавьсан байгаа. Монгол Улсын хувьд энэ шаардлага хагас биелэлттэй яваад байгаа. Үүнийг бүрэн биелэлттэй болгохын тулд хууль, эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.

Монголбанк болон бусад санхүүгийн байгууллагууд Дэлхийн банкны зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтраад Виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчдийн тухай хуулийг өргөн барьчихсан байгаа. Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад, тодорхой ажил хийгээд явж байна.

Ер нь хөрөнгөөр баталгаажаагүй, бодит үнэ цэнгүй, эрсдэл өндөртэй, ханшийн савлагаа ихтэй бүтээгдэхүүнд болгоомжтой хандах нь зүйтэй гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үзэж байгаа. Хуулийн төсөлд ч тодорхой зааж өгсөн. Тухайлбал, аливаа эрсдэл гарах юм бол төр хариуцахгүй гэж тусгасан. Энэ талаар удаа дараа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж байгаа" гэдэг хариулт өгчээ.