Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Өртгөө зөв тооцдог болсноор багш нарын үндсэн цалин тодорхой хэмжээнд нэмэгдэх боломжтой

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ирэх оны төсвийн шинэчлэлээр багш нарын үндсэн цалин тодорхой хэмжээнд нэмэгдэх боломжтой талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Боловсролын салбарын урсгал зардлын 95 хувь нь сургууль, цэцэрлэгийн урсгал зардал, багш нарын цалинд зарцуулагддаг. Хувьсах зардлынхаа аргачлалыг өөрчлөхгүйгээр багш нарын нийгмийн баталгааны асуудлыг шинэ шатанд гаргана гэдэг хүндрэлтэй.

Бидний өнгөрсөн хугацаанд алдсан алдаа гэвэл хүртээмж их ярьсан. Гурван ээлжийн сургууль, дөрөв, таван настай хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмжийг их ярьсан. Энэ нь зөв  ч боловсролын чанар руу зайлшгүй анхаарах шаардлагатай болсон байна. Нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардалд багшийн цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал яаж шийдэгдэж байгаа вэ, сургалт практик, интернэтийн зардлуудыг заавал багшийн халааснаас гаргах шаардлагагүй.

Ийм учраас сургууль санхүүжүүлдэг хувьсах зардал биш жинхэнэ утгаар нь хүүхдийн сурлагын ахиц амжилтаар үнэлдэг тогтолцоог бий болгож, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих гэж байгаа учраас багш нарынхаа цалингийн бүтцийг эхлээд өөрчлөх ёстой. Ингэхийн тулд эхлээд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээг уян хатан болгохгүй бол үүнд баригдаад эрүүл мэнд болон боловсролын салбарынхны үндсэн цалин нэмэгдэхгүй хүндрэлүүд байсан.

Энэ удаагийн төсвийн шинэчлэлийн хүрээнд цалингийн бүтцээ өөрчилнө. Өртгөө зөв тооцдог болсноор багш нарын үндсэн цалин тодорхой хэмжээнд нэмэгдэх боломжтой. Багш нарын халааснаас гардаг зардлыг хувьсах зардлаас санхүүжүүлдэг болно" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/292245702717905