Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Саруул: Бид харилцагчдаа зөвхөн зээлдэгч гэдэг өнцгөөс нь харах биш хамтрагч гэдэг талаас нь ханддаг

ikon.mn
2021 оны 10 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Богд банкны Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Г.Саруултай ярилцлаа. 

-Сайн байна уу. Таныг Богд банкны захирал гэдгээр нь илүү их мэдэх юм байна. Харин хаана ямар сургууль төгссөн, хэзээнээс Богд банктай холбогдсон нь сонирхолтой санагдаж байна. Эндээс ярилцлагаа эхлэх үү? 

- Би АНУ-ын Лоёолагийн их сургуулийг 1999-2003 онд эдийн засагч, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Төгсөөд тэндээ банк, санхүүгийн байгууллагад моргэйжийн чиглэлээр ажиллаж байсан. Мөн хөрөнгө оруулалтын санд арилжааны деллерээр ажилласан зэргээр гаднын санхүүгийн салбарын үйл ажиллагаа, туршлагаас судалж ирсэн. 2010 онд эх орондоо ирээд Сангийн яаманд зөвлөхөөр ажиллаж эхэлсэн юм. Миний ажил мэргэжил хөрөнгийн зах зээлтэй илүү холбогддог тул энэ чиглэлд анхаарлаа хандуулж, сонирхдог. Ингээд 2011-2014 онд Монголын хөрөнгийн биржийн дэд захирлаар ажилласан. Гадаад, дотоодод ажиллаж үзсэн, асуудлыг цогцоор нь харж, нөхцөл байдлыг өөрийнхөөрөө тодорхойлох чадвар зэрэг туршлагадаа түшиглээд 2014 оноос Богд банкны Гүйцэтгэх захирлаар ажиллах болсон юм. Манай банк 2014 оны 12 дугаар сард үйл ажиллагаа явуулах анхны лицензээ авсан ч хязгаарлагдмал хүрээнд байсан. Ингээд 2016 онд өргөн хүрээний лицензийг авч, банкныхаа анхны салбарыг нээж, харилцагчдадаа үйлчилж зээл олгож, төлбөр тооцооны дансуудаа нээж байсан түүхтэй. Тэгэхээр албан ёсоор 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж ойлгож болно.  

-Банкны салбарт шинээр үйл ажиллагаа эхлүүлнэ гэдэг амаргүй байх л даа. Анх хэдүүлээ энэ ажилд ханцуй шамлан орж байв?

- “Анхны долоо” гэдэг шиг долуулаа эхэлж байлаа. Гэтэл өнөөдөр 180 гаруй ажилтантай, актив хөрөнгийн хэмжээгээ 300 орчим тэрбум төгрөгт хүргэчихсэн, харилцагчдын тоо 55 мянгыг давсан, банкны голлох санхүүгийн үзүүлэлтүүд тогтмол өссөн дүнтэй байна.

-Богд банк бусад банкаас ялгарах гол онцлог юу вэ?

-Уламжлалт болон дижитал банкыг хослуулан зохион байгуулж байна. Ялангуяа дижитал шилжилтийг нэлээд ахицтай хийж, амжилттай хөтөлж байна.

Инновацлаг, салбарын трэндийг нэвтүүлсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачилж, санал болгохыг үргэлж зорьдог. Тухайлбал анхны урамшуулалт оноо буюу “B point” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Мөн өдөр бүр хүү бодогддог харилцах дансны үйлчилгээ, Prime, Master багцын үйлчилгээ гэх мэт шинэлэг саначилгуудаа нэрлэж болно.

Манай банкны бас нэг онцлог бол АТМ-д хөрөнгө оруулахгүй байх бодлого баримталдаг. АТМ тус бүрд 60-70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байснаас, энэ зардлыг харилцагчдадаа зориулахыг илүүд үздэг. Манай банкны харилцагч ойрт ойрхон аль ч банкны АТМ ашиглан бэлэн мөнгө авахад шимтгэлгүй. Энэ зардлыг бид төлөх зохицуулалт хийсэн. Prime, Master бол ямар нэгэн суурь зардалгүй багцууд. Тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө манай банканд байршуулаад, үнэнч харилцагч болсон тохиолдолд уг хоёр багц бүтээгдэхүүндээ үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ мэтчилэн банк санхүүгийн ертөнцөд хувьсал хийсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог. Ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн банк одоогоор байхгүй. Анх харилцагчдынхаа дансыг онлайнаар нээж, зээлээ ч онлайнаар гаргаж байсан. Үргэлжлүүлэн автомашины зээл, моргэйжийн зээлийг онлайнаар гаргахаар төлөвлөж байна. Энэ мэтчилэн манай Богд банкны хамт олон бусад банкны хийж хэрэгжүүлээгүй зүйлүүдийг түрүүлж нэвтрүүлэхээр хичээн ажиллаж байна.

-Анхны салбараа 2016 онд нээсэн гэж байна. Одоо хичнээн салбар нэгжтэй үйл ажиллагаагаа явуулж байна?

-Одоогийн байдлаар манай банк 10 салбартай. Салбарын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгдөг боловч энэ нь манай туйлын зорилго биш. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу техник технологийн хөгжил иргэдийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон учраас аль болох гар утас, интернэтэд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээндээ анхаарч ажиллаж байна. Орон даяар салбар байгуулсан ч таны яг дэргэд гар утас, компьютерээс чинь ойр зайнд, зардал, хүндрэл багатай шуурхай үйлчилгээ санал болгох боломжгүй. Бидний гол давуу тал бол салбарын тоогоор өрсөлдөх биш дижитал, технологийн салбартаа хөрөнгө оруулалт хийхийг илүү анхаарч ажилладаг.

-Тухайн үедээ банкны салбарт Монгол Улсын хэд дэх банк болж байв?

-Тухайн үед Монгол Улсын хэмжээнд 13 банк байсан. Манай банк 14 дэх банк болон үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Тэр цагаас хойш нэг банкны үйл ажиллагаа зогсч, хоёр банк нэгдсэн байна. Одоогийн байдлаар 11 банк үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үед хамгийн отгон банк болоод 14 дүгээр байраас банкны салбарын зах зээлийн өрсөлдөөнд орж байсан бол, өнөөдөр өөрийн хөрөнгийн үзүүлэлтээр зургадугаарт, ашигт ажиллагаагаараа тавдугаар байрт жагсаж, хурдтай хөгжиж байна.

-Богд банкыг сонгох шалтгааныг юу гэж боддог вэ?

-Харилцагчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад гурав дахин өссөн байна. Энэ нь манай банкнаас санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс шууд хамаардаг болов уу.

Хамгийн гол нь бид зах зээлд арай өөр өнгө төрх, урсгалыг бий болгож байгаа учраас харилцагчид Богд банкыг сонгодог байх.

Товчхондоо, нэгдүгээрт цахим шилжилттэй холбоотой. Хоёрдугаарт, шимтгэл бага, зарим бүтээгдэхүүн шимтгэлгүй. Мөн зээл шийдэх хугацаа богино, нөхцлүүд нь уян хатан байна. Ер нь манай банканд харилцагчаа нэгдүгээрт тавьсан бүтээгдэхүүн, үйлчилгээ олон бий. Тэр болгоныг нэг бүрчлэн дурдвал цаг хугацаа нэлээд орох байх. Задлаад үзвэл харилцагч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ олныг гаргаж байгаа. Тэр ч утгаараа манай Богд банкыг, манай хамт олныг сонгодог болов уу гэж боддог.

-Танай хамт олон Монголдоо анхдагч болсон олон үйлчилгээг нэвтрүүлсэн юм байна. Тэр дундаа Loyalty хөтөлбөрийн талаарх мэдээлэл илүү сонирхол татаж байна. Энэ хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч?

-Энэ бол нэг төрлийн урамшууллын үйлчилгээ. Өндөр хөгжилтэй улс оронд картаар зурах тоолонд тодорхой хэмжээнд урамшууллын оноо цугларч, хамтын ажиллагаатай харилцагч байгууллагуудаас үйлчилгээ авахдаа хөнгөлөлт эдлэх боломжтой болдог. Энэ үйлчилгээ манай улсад хараахан нэвтрээгүй байхад манай банк улсдаа анхлан нэвтрүүлсэн. Богд банкны харилцагчийг кредит, дебит картаараа худалдан авалт хийх, хадгаламждаа орлого хийх бүрд нь урамшууллын оноо бэлэглэх юм. Тухайн оноогоо цуглуулсан харилцагчид зээлээ төлөх, бие биедээ шилжүүлэх, манай банктай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийхдээ оноогоороо төлбөрөө төлөх зэрэг боломж эдэлнэ. Энэ үйлчилгээг манай харилцагчид чухлаар хүлээн авч энэ жил урамшууллын оноо нэлээд өндөр дүнтэй гарсан.

-Сүүлийн дөрвөн жилийн бодит ашиг орлогын талаар та юу хэлэх вэ?

-Аливаа бизнес хурдан тэлэх нь чухал. Хурдан тэлэхдээ ашигт ажиллагааг нь нэмэгдүүлэх нь чухал. Манай банк аль алийг нь зохист түвшинд хангахыг эрмэлзэж ирсэн, түүндээ ч хүрдэг. Ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх, тэлэлтээ ч богтно хугацаанд хийхийг зорих хэрэгтэй. Гэхдээ ямарч зардлаар хамаагүй богино хугацаанд тэлэх нь чухал биш. Эрсдэлээ тооцохгүйгээр тэлэлт хийх юм бол эргээд хүнд байдалд орох эрсдэлтэй. Хамгийн гол нь бодит тооцоо судалгаанд тулгуурлаж үйл ажиллагаагаа тэлэх ёстой. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилийн турш жилээс жилд манай банкны ашиг хоёр дахин өссөн байна. 2018 онд 1.8 тэрбум, 2019 онд 2.6 тэрбум, өнгөрсөн жил 5.9 тэрбум төгрөгийн ашиг олсон бол энэ жил 11 тэрбум төгрөгийн ашигтай гарахаар байна. Өсөлтийн талаар төсөөлж ярих нэг хэрэг. Харин бодит өсөлтийн хэмжээ тоон үзүүлэлтээр харагдах нэг өөр хэрэг. Тийм учраас манай багийнхан сэтгэл өөдрөг байгаа. Хийсэн ажил нь бодитоор нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байна. Манай хамт олны гараас гарч байгаа бүхэн нь чанартай учраас ажил хийхэд урам зориг дүүрэн байдаг юм. 

-Тун удахгүй Богд банк IPO гаргаж нээлттэй хувьцаат компани болгох гэж байна. Богино хугацаанд өндөр өсөлттэй байгаа компанийн хувьцааг иргэд эзэмшсэнээр ямар давуу тал бий болох вэ?

-Банкууд нэг эзэнтэй байх биш иргэд банкны эзэн болох энэ саналыг манай хамт олон дэмжин ажиллаж байгаа. Бид анхнаасаа олон нийтийн компани болохыг зорьж байсан. Тэр ч утгаараа УИХ-аас гаргасан шийдвэрийг манай банкны хамт олон манлайлан дэмжсэн. Тиймээс дотооддоо бэлтгэл ажлаа нэлээд хангаж, сүүлийн хэдэн сар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллалаа.

Олон нийтэд гаргах бэлтгэлээ хангасан, ойрын хугацаанд зөвшөөрөл шийдвэрүүд нь гарчих байх. Тэгэхээр тун удахгүй манай банкны хувьцааг эзэмших боломж хүн бүрийн өмнө нээлттэй зарлагдана.

Хувьцаа эзэмших иргэдийн дийлэнх хувь нь харилцагчид маань байгаасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл анхнаасаа бидэнд итгэж, үйлчилгээ авдаг хүмүүс энэ банкныхаа эзэн нь болоосой гэж хүсэж байна. Бид харилцагчидтайгаа дараагийн түвшинд холбоо үүсгэмээр байна. Бүгдээрээ завиныхаа нэг түвшинд гарч, нэг зүг рүү харъя, хамтдаа тэлье гэж байгаа юм. Тиймээс манай банкнаас зээл, үйлчилгээ авдаг залуус, ЖДҮ эрхлэгчид, харилцагч, хэн маань ч байсан их бага хэмжээгээр оролцоосой. Яагаад гэвэл банк хувьцаагаа нэг л удаа гаргадаг, нэг л боломж олгодог. Энэ хугацаанд амжиж Богд банкны хувьцаа эзэмшигч болоосой гэж хүсэж байна. 

-Танай байгууллагад итгэж хөрөнгө оруулах шалтгааныг товчхон дурдвал юу хэлэх вэ. Иргэд хөрөнгө оруулахдаа ямар шалгууруудыг чухалчлах ёстой гэж бодож байна?

-Аливаа нэг хүн, аль нэг байгууллагуудыг харьцуулахдаа хийсэн ажил, гаргасан амжилтаар нь дүгнэх ёстой байх. Дээр би дурдсан, анх байгуулагдахдаа 14 дэх банк болж, үзүүлэлтүүд нь ч энэ тоон дээр байсан. Тэгвэл өнөөдөр санхүүгийн зарим үзүүлэлтээр айргийн тавд багтчихсан байна. Богино хугацаанд гарсан хурдтай өсөлт, түүнээс гарах өгөөжийг олон нийт харж байна. Ийм хурдтай өсөж хөгжиж байгаа банканд хөрөнгө оруулбал авах өгөөж нь илүү байна гэдгийг хөрөнгийн зах зээл гадарладаг хэн ч хэлнэ.

-“Богд банкны хөрөнгө оруулагчид аль хэдийн тодорсон” гэх нэг яриа яваад байсан. Тэр ямар учиртай юм бэ?

-Манай банк аль болох олон жижиг хувьцаа эзэмшигчдэд энэ хурдтай өсөлт, ирээдүйд өгөх өгөөжөө хуваалцахыг хүсэж байгаа. Мөн бусдыг хөрөнгө оруулаач гэхээс илүү би өөрөө хэчнээн төгрөг оруулах билээ гэдгээ чухалчилж үзсэн. Зөвхөн СЕО нь компанидаа хөрөнгө оруулалт хийхээс гадна банкныхаа ажилтнууддаа ч энэ асуудлаа тавьсан. “Та бүхэн банкандаа хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх вэ” гэж асуусан. Гэтэл манай банкны нийт 180 гаруй ажилтан 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан юм. Энэ бол ажиллагсад нь байгууллагынхаа өсөлтөд итгэж оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ. Тэд байгууллагынхаа ирээдүйд итгэл төгс байгаа нь харагдаж байгаа биз. Миний хувьд ийм өсөлттэй компаниа зах зээлд танилцуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. 

-Банк дампуурах, хоорондоо нэгдэх зэрэг тогтвортой бус байдал нь хэрэглэгчдийн итгэлийг бууруулдаг. Тийм ч учраас шинээр байгуулагдсан банкны харилцагч, хэрэглэгч болохдоо нэлээд болгоомжтой ханддаг. Та бүхэн үйл ажиллагаагаа тогтвортой, найдвартай байлгах талаас нь хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Өнөөдөр банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 11.2 хувь байна. Өөрөөр хэлбэл, банкууд 100 ширхэг зээл гаргахад 11 зээл нь ямар нэгэн байдлаар чанаргүй зээл болдог гэсэн үг. Харин манай банк дээр энэ тоо 3.6 хувь байдаг.

Энэ нь зээлээ цагт нь төлдөг хариуцлагатай харилцагчдаас гадна бид ч зээлийн судалгаагаа сайн хийдэгтэй холбоотой.

Хяналт, шалгалт ч сайн. Яг зорьсон зах зээл рүүгээ санхүүжилтээ олгодог гэх мэтчилэн бусад банкуудаас үйл ажиллагаагаараа бодлогын түвшинд ялгарахыг эрмэлздэг учраас чанаргүйдэлт бага байдаг болов уу. Түүнчлэн байгууллагынхаа соёлд нийцэх, өндөр ёс зүйтэй, эерэг хандлагатай, хүн чанартай залуусыг сонгон шалгаруулж багаа бүрдүүлсэн нь бидний амжилтын бас нэг хөшүүрэг болдог. Аливаа бизнесийн ард хүн л байдаг болохоор ийм чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн учраас манай компанийн үзүүлэлтүүд ч сайн гардаг гэж боддог. 

-Дижиталд суурилсан үйлчилгээг түлхүү үзүүлдэг болохоор залуучууд танай банкыг сонгож үйлчлүүлдэг үү. Та зорилтот зах зээл гэж ярилаа. Энэ талаараа жаахан тодруулж болох уу?

-Бид үйлчилгээгээ бүхий л насны иргэдэд хүртээмжтэй хүргэхийг зорьдог. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан үйлчилгээндээ илүү анхаарч ажиллаж байна. Зорилтот зах зээл гэдэг нь бодит өгөөжөө өгөх боломжтой зах зээл буюу ЖДҮ эрхлэгчдийг дэмжихийг зорьдог. Тэдэнд хөл дээрээ зогсохын тулд хамгийн их дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Жаахан дэмжлэг авчихвал дараагийн зах зээл рүү шилжиж бизнес нь өргөжих боломжтой. Бид тэднийг  зөвхөн зээлдэгч гэдэг өнцгөөс нь харах биш хамтрагч гэдэг талаас нь ханддаг. Учир нь бид хамтдаа өсч байж аль алиных нь үйл ажиллагаа өргөжнө. Тийм учраас ЖДҮ эрхлэгчдэд хэрэгтэй, өгөөжтэй бүтээгдэхүүн гаргаж, хүнд хэцүү үеийг ч, хөгжил дэвшлийн үеийг ч хамтдаа хуваалцахыг зорьж байна.

-ЖДҮ эрхлэгчдэд тулгардаг олон бэрхшээлийн нэг нь яах аргагүй санхүүгийн асуудал л даа. Ялангуяа барьцаа хөрөнгийн дутагдал хүндрэлтэй байдаг. Тэгэхээр танай банк ЖДҮ эрхлэгчдэд зориулсан уян хатан нөхцлийг санал болгодог гэсэн үг үү?

-Барьцаа хөрөнгийн дутагдал бол наад захын асуудал. Үүнээс гадна ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн тайлан гаргах, зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх, борлуулалтаа яаж нэмэгдүүлэх гэх мэтчилэн маш олон төрлийн асуудал, бэрхшээл тулгардаг. Тийм учраас бид ЖДҮ-ийг дэмжих төвүүдтэй хамтарч ажилладаг. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн ЖДҮ хөгжүүлэх төвтэй хамтран ажиллаж, тус байранд сургалтын төвөө байгуулсан. Банкны ажилтнууд тэнд үнэ төлбөргүй сургалт, мэдээлэл өгөхөөс гадна манайхаас зээл авах хүсэлтэй ЖДҮ эрхлэгчдийн зээлийг шийдэж өгөх байдлаар хамтарч ажиллаж байна. Бид банкныхаа харилцагчдын маркетингийг үнэ төлбөргүй хийж өгдөг. Тухайлбал, видео шторк хийх, өөрсдийн цахим хуудсандаа харилцагчдынхаа үзүүлдэг үйлчилгээний рекламыг үнэ төлбөргүй байрлуулахаас гадна, харилцан биеэ дэмжиж ажиллах тал дээр холбож өгч байна. Тухайлбал, шинээр дэлгүүр нээсэн харилцагчийн лангууг үйлдвэрлэл эрхэлж байгаа  харилцагч түрээслэх бол уян хатан, хямд үнийн бодлого баримтлах гэх мэтчилэн харилцан дэмжиж, хамтдаа хөгжих бодлого барьж байна. 

-Цаашид олон улсын банк санхүүгийн салбарт хөл тавихыг зорьж байгаа байх. Дэлхий даяарчлагдахын хэрээр нэг стандартын бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар хэрэгжүүлэхийг зорьдог боллоо шүү дээ. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна?

-Монголд Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хүрээнд IFRS 9-ийн нягтлан бодох бүртгэлийн сууриудыг нэлээд сайн суулгаж, олон улсын стандартаар хийдэг болсон. Ерөнхийдөө тоглоомын дүрэм нэг стандарттай болсон. Мэдээж бид Монголдоо үйл ажиллагаа явуулахаас гадна олон улсад гарах сонирхолтой. Эхний тэлэлтээ Монголдоо хийгээд дараагийн тэлэлтээ олон улсын зах зээлд хийх алсын хараа бий. Энэ чиглэлээр тодорхой хэмжээний ажил хийгээд явж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.