Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх оны долдугаар сарын 1-нээс хойш хүүхдийн 100,000 төгрөгийн 50 мянгыг хадгална. Үлдсэнийг нь сонголттойгоор хэрэглэж болно"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Төсвийн орлого 2022 онд 19.5 хувиар нэмэгдэхээр оруулж ирсэн байна. Гол өсөлт нь хаанаас гарч ирэх вэ? Хүүхдийн мөнгө болон халамжийн системээ цэгцлэх, халамжийн зардлаа багасгах талаар ярьж байгаа. Үүн дээр ямар ахиц гарч байна вэ?

Ямартай ч Хадгаламжтай хүүхэд хөтөлбөр хэрэгжих юм байна. Энэхүү хөтөлбөрийн дүн төсөв дээр яаж тусгагдаж байгааг хэлж өгөөч. Төрийн өмчит компаниудаас 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэжээ. Ямар үндэслэлээр ийм хэмжээний ногдол ашиг авна гэж ярьж байгаа вэ? Төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагааг сайжруулах тал дээр яаж ажиллаж байна. Инфляцын түвшин төсөвт яаж нөлөөлж байна. 

НӨАТ-ын буцаан олголтыг шинэчлэх цаг нь ирсэн. Буцаан олголт гэдэг зүйл дэлхийд бараг байдаггүй. НӨАТ-ын сугалаа гэж зарим оронд байдаг. Буцаан олголт нэрээр маш их хэмжээний мөнгийг тарааж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?" хэмээн асуулаа. 

5-10 жилийн дараа НӨАТ-ын бүтэц, хувь хэмжээг ярих нь зүйтэй

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "2022 онд төсвийн нийт орлого 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэх төсөөлөл хийж Төсвийн хуулиа төлөвлөж оруулж ирсэн.

  • Татвар хамрагдалтаар нэмэгдэлт 245 тэрбум төгрөг,
  • Төрийн өмчийн компаниудын ногдол ашгийн өсөлт 250 тэрбум төгрөг, 
  • Уул уурхайн салбарын өсөлт тэлэлтээс 410 тэрбум төгрөг,
  • Импортын өсөлт 910 тэрбум төгрөг,
  • Дотоод эдийн засгийн өсөлт, бодлогын арга хэмжээний үр дүнд 1.3 их наяд гэсэн задаргаа байна. 

Төрийн өмчит компаниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Компани тус бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Үүний үр дүнд энэ жил 180 тэрбум төгрөг төлөвлөж байсан бол ирэх онд 250 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилго тавьж нийт 430 тэрбум орж ирнэ гэж харж байгаа.

Дотоодын эцсийн худалдан авагч нартаа буцаан олголт хийдэг цөөхөн орны нэг нь манай улс. НӨАТ-ын системд эдийн засаг харьцангуй дасан зохицсон. Урамшууллын үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Гэхдээ хамрагдалтын хэмжээ 67 хувьтай байгаа. Үүнийг дор хаяж 90 хувьд хүргэх зорилготой ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацааны процесс, энэхүү зорилгодоо харахад 5-10 жил болох болов уу. Тэр үед НӨАТ-ын бүтэц, хувь хэмжээг ярих нь зүйтэй. Одоо бол цаг нь арай биш байна. 

Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгоно. Хуримтлалтай хүүхэд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хүүхдийн мөнгөтэй уялдуулна. Ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг сонголттойгоор даатгалжуулна. Хэрэглэж болно. Үүнээс хойш дор хаяж 50 мянган төгрөгийг хадгална. 50 мянган төгрөг хүртэлх мөнгийг нь сонголттойгоор хэрэглэж, хуримтлалаа баяжуулж болно" гэсэн хариултыг өгсөн юм.