Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Колумбийн хар тамхины картелийн босс агсан Пабло Эскобар хувийн эдлэндээ амьтны хүрээлэн байгуулж, гадаадаас төрөл бүрийн амьтан авчирч тэжээдэг байсан юм.

Тэдгээрийн нэг болох Африк тивээс авчирсан усны үхэрний тоо толгой одоо 80 хүрч, Колумбийн газар нутагт идээшин дассан байна.

Гэвч “”кокайны усны үхэр” гэгддэг энэхүү амьтан шинэ газар нутгийнхаа унаган байгаль, эко системд аюул учруулж буй нь тодорхой болсон тул Колумбийн эрх баригчид өсөлтийг нь хязгаарлах арга хэмжээ авахаар болжээ.

1993 онд цагдаа нарт алагдсан Пабло Эскобар өөрийн төрөлх Меделлин хотын ойролцоох Хасиенда Наполес нэртэй эдлэндээ анх усны үхэрнүүдийг Африкаас авчирч байсан юм.

2012 оноос хойш уг амьтны тоо толгой хоёр дахин өсөж, амьдрах газар нутаг нь тэлсэн байна. Гэвч усны үхэрний баас нутгийн гол мөрнүүдийн усан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж, загаснуудад аюул учруулж эхэлжээ. Мөн ундны усаар дамжин хүний эрүүл мэндэд аюул учруулж байгааг Мексик, Колумбийн эрдэмтдийн явуулсан судалгааны дүн харуулсан байна.

Эрдэмтэд эхэндээ усны үхэрнүүдийг заазлах шийдэл санал болгож байжээ. Гэвч Колумбийн засгийн газар үржлийг нь зогсоох илүү энэрэнгүй арга хэрэглэхээр болсон байна. Одоогийн байдлаар 24 усны үхэрийг химийн аргаар хөнгөлөөд байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian