Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ дэлхийн 33 улсын вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд хилээ нээхээр болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн 33 улсын вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн агаарын хилээ нээхээр болсноо АНУ-ын засаг захиргаа өчигдөр зарлажээ.

Эдгээр улсуудын иргэдийн нисэхээсээ өмнө 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний хариу сөрөг гарсан байх ёстой гэнэ.

Иргэд нь АНУ-д зорчих эрхтэй болсон 33 улс нь Европын Шенгений бүсийн 26 орон, Их Британи, Бразил, Хятад, Энэтхэг, Ирланд, Өмнөд Африкийн БНУ юм байна.

Одоогийн журмаар сүүлийн 14 хоногт эдгээр улсуудад зорчсон гадаадын иргэдыг АНУ хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа.

АНУ-д нэвтрэх гадаадын иргэд тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эсвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хүлээн зөвшөөрсөн вакцинаар бүрэн дархлаажсан байх ёстой болжээ.

Өөрөөр хэлбэл Их Британид бүтээсэн АстраЗенека, Хятадад бүтээсэн Синофарм, Синовак үйлдвэрийн вакцинуудаар дархлаажсан иргэд АНУ-ын хилээр нэвтрэх эрхтэй болж байна.

Эдгээр зорчигчид бас хилээр нэвтэрсний дараа тусгаарлагдахгүй болжээ.

Энэ долоо хоногийн Мягмар гарагт Цагаан ордон Канад, Мексик улсуудтай залгаа хуурай газрын хилээр зорчих вакцинаар бүрэн дархлаажсан гадаадын иргэдийг хүлээж авахаар болсон юм.

 

Эх сурвалж: BBC