Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн парламентын гишүүн хутгалуулж амиа алдлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт сүмд сонгогчидтойгоо уулзаж байсан Их Британийн парламентын гишүүнийг нэг этгээд хутгалж амийг нь хөнөөжээ.

Лондон хотоос зүүн зүгт орших нэгэн сүмд болсон уулзалтын үеэр ерөнхий сайд Борис Жонсоны консерватив намын гишүүн, 69 настай Дэвид Эмесс хэд хэдэн удаа хутгалуулсны дараа газар дээрээ амьсгал хураасан байна.

Аллага үйлдсэн 25 настай эрэгтэйг хэргийн газраас баривчилжээ.

“Дэвид бол улс орныхоо төлөө, түүний ирээдүйн төлөө шаргуу хөдөлмөрлөгч нэгэн байлаа. Бид өнөөдөр төрийн хичээнгүй зүгтгэлтэн, сайн найз нөхөр, сайн хамтрагчаа алдлаа” гэж ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.

Улс төрчийн аллага терроризмтай холбоотой эсэхийг мөрдөн шалгаж байгаагаа Эссекс мужийн цагдаагийн дарга Бэн Жюлиан Харрингтон сэтгүүлчдэд мэдээлжээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд Их Британийн хоёр дахь парламентын гишүүн бусдын гарт амиа алдаж байна.

Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр аллага үйлдэгч нь Сомали гаралтай цагаач байсан гэнэ.

Дэвид Эмесс нь тус улсын парламентын гишүүнээр хамгийн удаан ажилласан улс төрчдийн нэг юм. Тэрбээр сар бүрийн эхний болон гурав дахь Баасан гарагт сонгогчидтойгоо уулздаг уламжлалтай байжээ.

Анх 1983 онд парламентын гишүүн болж байсан Эмесс эхнэр, таван хүүхэдтэй хүн байв. 2015 онд Их Британийн хатан хаан түүнд хүлэг баатрын хэргэм хүртээж байжээ.

Талийгаачид хүндэтгэл үзүүлэх зорилгоор өчигдөр Их Британийн төр засгийн бүх барилга, байгууламжууд дээр мандуулсан далбааг бөхийлгөсөн байна.

2010 онд Лэйбор намын хууль тогтоогч Стефен Тиммс хутгалуулан шархдаж байсан бол 2016 онд мөн тус намаас сонгогдсон парламентын гишүүн Жо Кокс буудуулж алагдаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters