Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид маргааш Европыг зорино

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Монголын Боксын Холбоо

Үндэсний шигшээ багаас шигшигдсэн шилдэг эрэгтэй есөн тамирчин Серби улсын Белград  хотноо 2021 оны аравдугаар сарын 22-ноос арвэннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид маргааш Европыг зориход бэлэн болжээ. 

Монголын боксын холбоо/МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд /МБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд, Х.Нямбаатар, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энх, Н&Н ХХК-ийн захирал М.Баянмөнх /пүрэв гарагт /2021.10.14/ баг тамирчдаа хүлээн авч тэмцээний өмнөх тоглолтын хувцас, биеийн тамирын хослол гардуулж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулсан амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. 

Монголын баг тамирчид маргааш /2021.10.16/ өглөө Хөшигийн хөндий дэх Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Европыг зорин нисэх юм байна.

Олон улсын боксын холбоо /AIBA/-ны энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-нд 108 орны 600 гаруй шилдэг боксчид 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулна.
 
Монголын Боксын Холбоо

“Белград-2021” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Жадамбын Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ Отгончулууны Батхүү, ОУХМ Болдын Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Чулууны Насанбат, ДАШТ ний зохион байгуулах хороонд Монгол улсаас анх удаагаа олон улсын шүүгч Г.Бадрах нар ажиллах юм. Тамирчдыг танилцуулбал,

  • 48  кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter тамирчин/
  • 51 кг-д Хархүүгийн Энмандах  /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин /
  • 54 кг-д  Энх-Амгалангийн Баярсайхан /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин/
  • 57 кг-д Хархүүгийн Энх-Амар /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин
  • 60 кг-д Оюунбаатарын Тулга  /СМ/, /БХИС-н Алдар спорт хорооны тамирчин/
  • 63.5 кг-д Баттөмөрийн Мишээлт /СМ/, /БТСУХ-ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин/
  • 67 кг-д Баатарсүх Чинзориг /ОУХМ/, БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо,  “Капитрон банк”-ны тамирчин 
  • 71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин/
  • 75 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /МУГТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  “Хангарьд” спорт хорооны тамирчин

 

Эх сурвалж: Монголын Боксын Холбоо