Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний есөн сард 49 мянга гаруй хүн эрүүлжүүлэгджээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний есөн сард 17,350 болж, өмнөх оны мөн үеэс 2,115 (10.9%)-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1,854 (17.1%),
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 242 (4.3%),
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 131 (17.6%),
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 114 (21.7%)-өөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 176 (75.9%)-гаар өсжээ. 

Өнгөрсөн есдүгээр сард 942 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 391 (15.3%)-ээр өссөн. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 386 (28.7%)-гаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эхний есөн сард гэмт хэргийн улмаас хохирсон хүн 17 мянга болжээ. Тодруулбал, 

  • 18 хүртэлх насны хүүхэд 839 (4.9%) нь 
  • Эмэгтэйчүүд 7,679 (45.3%) нь байжээ. 

Харин 519 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс 53 (9.3%)-аар буурсан аж.

График 1. Бүртгэгдсэн гэмт хэрэг, сараар

 
ҮСХ

Гэр бүлийн хүчирхийллээс болж үйлдэгдсэн 1,021 хэргийн 90 нь буюу 8.8% нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлээр зүйлчлэгдсэн байна.

Эхний есөн сард гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6,688 зөрчил бүртгэгдсэний 4,723 буюу 70.6%-ийг шалган шийдвэрлэсэн гэдгийг ҮСХ-ны мэргэжилтнүүд хэлсэн юм. 

Мөн гэмт хэргээс болоод учирсан хохиролын хэмжээ эхний есөн сард 148.2 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 49.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 5.7 (3.7%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 17.9 (26.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Түүнчлэн улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сард 49.2 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 10.1 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 25.5 (34.2%) мянгаар, баривчлагдсан хүн 3.1 (23.3%) мянгаар буурсан болохыг ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл хэлэв.