Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нобелийн шагнал хүртсэн сэтгүүлчид Владимир Путин анхааруулга өгөв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын цөөхөн хараат бус хэвлэлүүдийн нэг гэгддэг Новая Газета сонины эрхлэгч Дмитрий Муратов мэргэжил нэгт Филиппиний сэтгүүлч Мариа Рессагийн хамт Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн билээ.

Нобелийн шагналын хороо тэднийг үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгчид гэж өргөмжилсөн юм. Тухайн үед Кремлийн хэвлэлийн алба Муратовт баяр хүргэж байжээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар өчигдөр анх удаа ам нээхдээ Муратовт анхааруулга өгсөн байна.

Лхагва гарагт Москва хотод болсон Оросын Эрчим Хүчний Долоо Хоногийн арга хэмжээнд оролцохдоо Путин “Хэрвээ тэр Нобелийн шагналыг Оросын хуулийг зөрчихдөө бамбай болгон ашиглах гэвэл хариуцлага хүлээлгэх болно. Харин хууль зөрчилгүй, “гадаадын төлөөлөгч” ангилалд орох шалтгаан гаргахгүй бол яах ч үгүй” гэж хэлжээ.

ОХУ-д сүүлд мөрдөж эхэлсэн хуулийн дагуу Кремлийг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудад “гадаадын төлөөлөгч” (foreign agent) хэмээх нэр хаяг зүүлгэж, үйл ажиллагааг нь хориглодог болоод байгаа. Энэ он гарсаар олон арван сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага уг ангилалд орж, үйл ажиллагаагаа зогсоосон юм.

 
Нобелийн энх тайвны шагналт Дмитрий Муратов

Путиний мэдэгдлийн дараа Муратов “Төр засаг хүссэнээ хийж болно. Гэхдээ бид шагналаасаа татгалзахгүй” гэж Интерфакс агентлагт ярьжээ.

Одоо 59 настай Дмитрий Муратов нь 1993 онд хэсэг сэтгүүлчдийн хамт Новая Газета сониныг үүсгэн байгуулж байв. Тус сониныг өнөөдөр ОХУ-д үлдсэн цөөхөн хараат бус хэвлэлүүдийн нэг гэдэг.

Муратов өөрт оногдсон Нобелийн мөнгөн шагналынхаа талыг бусдын гарт амиа алдсан зургаан сэтгүүлчийнхээ ар гэрийнхэнд хуваарилахаар болсон юм.

 

Эх сурвалж: AFP